О.Сэрсмаа: Цэцэрлэгт байхдаа л тоглоомон чагнуур зүүж тоглодог байлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-11 15:16:59

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. “Олон улсын сувилагчийн өдөр” маргааш  тохионо. Эл өдрийг тохиолдуулан бакалаврын түвшинд бэлтгэгдсэн анхны сувилагчдын нэг, “Эрдэнийн чагнуур- 2025”-ын  “Мэс засал, гэмтэл, согог заслын сувилахуй”-н төрөлд шилдгээр шалгарсан Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн  мэс заслын сувилагч О.Сэрсмаатай цөөн хором ярилцлаа.

 

-Танд олон улсын сувилагчийн өдрийн мэнд хүргэе. Таны хувьд энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

-Багаасаа л эмч болох мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Цэцэрлэгтээ тоглоомон чагнуур зүүж тоглодог байв. Энэ хүсэл минь явсаар сувилагчаар ажиллахад нөлөөлсөн. Би арван жилийн сургуулиа 1993 онд төгссөн. Тухайн  үед АШУҮИС бакалавр зэрэгтэй анхны сувилагчийг бэлтгэхээр элсэлт авсан. Манай сургууль дээр 10 хуваарь ирж, сурлага сайтай тулдаа эхний хуваариар сувилагчийн сургуульд тэнцсэн. Ингэж л сувилагч болсон доо. Юугаа ч мэдэхгүй шинэхэн төгсөгч миний хувьд мэс заслын сувилагч гэдэг чанга сорилт байлаа. Тэр үед  чи хийж байж л  энэ ажил урагшаа явна гэж өөрийгөө зоригжуулсаар 33 жилийг үджээ.


-Мэс заслын сувилагчийн ажлын онцлог юу байдаг вэ?

-Амны хөндийн мэс засал бусад төрлийн мэс засалтай харьцуулахад жижиг талбарт хийдгээрээ онцлог байдаг. Буруу ургасан агт араа авах, шүд шилжүүлэн суулгах, уруулын хөвч уртасгах зэрэг хагалгаа орно. Тухайлбал, үйлчлүүлэгчийн шүд үрэвсэл ихтэй, хөдөлгөөнтэй болсон бол эмчилж, сэргээж, насан туршид нь өөрийнх нь шүдтэй явуулах маш чухал. Манай салбар мэс заслаар дамжуулан хүний гоо сайхныг сэргээж өгдгөөрөө онцлогтой.


-Ажлаасаа авдаг хамгийн гоё мэдрэмж юу байдаг вэ?

-Үйлчлүүлэгч өвдөхөө мартаж, инээмсэглээд гарах үе хамгийн сайхан үе. Шүдний эмнэлгээр нас насны хүмүүс орж ирдэг. Настай хүмүүс гэхэд хиймэл шүд хийлгээд үнэхээр гоё шүдтэй болчихлоо шүү дээ хар даа гэж инээмсэглэх, шүд нь шөнөжингөө өвдсөн хүн эмчилгээгээ хийлгээд гарах гээд цаг бүрд л жаргалтай байдаг.  

Ялангуяа, хүүхэд шүдээ эмчлүүлэхээс маш их айдаг. Энэ үед нь чи мундаг хүүхэд шүү гэх зэргээр урам зориг өгч, хамтдаа ярилцдаг.

Хэдэн жилийн өмнө нэг үйлчлүүлэгчийн аав "Миний хүү энэ эгчийгээ таньж байна уу? Үл мэдэх цэцэгхэн хотхоны Ариунаа эгч нь байна шүү дээ" гэж хэлсэн. Би эхлээд гайхаж байсан ч хүүхэдтэй ярилцсан.

Тэр хүү  "Ариунаа эгч ээ, та энд юу хийж байгаа юм бэ, би танд дуртай" гэж хэлээд тайвширч, "Би зоригтой байна аа" гээд шүдээ эмчлүүлсэн.

Зарим үед ажлаа тараад ч үйлчлүүлэгчээ боддог. Хагалгаанд орсон хүн маань 10 минут зуугаад хаяарай гэсэн бинтээ хаясан болов уу, мартаад үрэвслээ хүндрүүлээд ирэх вий дээ. Мэс заслын дараа хурдан эдгэж шүдтэй болоод толинд харж инээж байгаа хүмүүсийг харах үед л сувилагч, тэр дундаа нүүр, амны хөндийн сувилагч болсноороо маш их бахархдаг.


-Танд шантрах үе тохиолдож байв уу?  

-Мэдээж хүн л юм чинь шантарна. Ялангуяа, анх ажиллаж байх үедээ их шантардаг байлаа. Тухайлбал, заавал авах заалттай шүдний хагалгаа 2-3 цаг үргэжилдэг. Шүдний багажаа бариад хамгийн багадаа 2-3 цаг зогсоно гэдэг нь шантармаар байсан. Гэхдээ л нэг талаараа юм сурч байна шүү дээ гэж бодсоор өдийг хүрсэн дээ.


-Сувилагч хүн юуг эрхэмлэж ажиллах ёстой гэж та үздэг вэ?

-Гуч  гаруй жилийн хугацаанд ажиллахдаа хамгийн гол нь чин сэтгэл байх хэрэгтэйг ойлгосон. Хүнд сэтгэл л байх юм бол аливаа юмыг даваад гардаг. Хүнийг хүндэлж байж, эргээд хүндлүүлнэ. Ийм л зарчмаар ажиллаж ирсэн учраас залуу сувилагчдад ч ингэж захимаар байдаг. Мөн сувилагч мэргэжлээр ажиллах үнэхээр буянтай сайхан шүү гэж хэлмээр байна. 


-"Эрдэнийн чагнуур”-ын эзэн болсон үеийнхээ сэтгэгдлийг хуваалцана уу?

-Өнгөрсөн оноос шилдэг сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг шалгаруулэх “Эрдэнийн чагнуур” ёслолыг зохион байгуулдаг болсон. Би өөрийн мэргэшсэн “Мэс засал, гэмтэл, согог заслын сувилахуй”-н төрөлд шилдгээр шалгарсандаа баяртай байна. Манай эмнэлэгт "Алтан чагнуур"-ын эзэн гурван эмч бий. Яг энэ салбартаа шилдгээр шалгарсан анхны сувилагч болсон. Хамт олон маань хэдийн долоо хоног өнгөрсөн ч баяр хүргэсээр л байна. Монголынхоо бүх сувилагчдад Олон сувилагчдын баярын мэнд хүргэе. 

 

Related news