Орос, Хятадын стратегийн хамтын ажиллагааны тухай мэдэгдэлд гарын үсэг зуржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 9 /RT/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хэлэлцээ хийсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Хятадын удирдагч Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслолд оролцохоор ОХУ-д хүрэлцэн ирээд байгаа юм. Тэрбээр Орост 11 дэх удаагаа айлчилж байна.
Кремльд хэлэлцээ хийснийхээ дараа В.Путин, Ши Жиньпин нар "шинэ эрин үед иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай" ОХУ, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна. Мөн засгийн газар хоорондын болон яамд хоорондын хоёр талын багц баримт бичигт гарын үсэг зуржээ.
“Өнөөдрийн хэлэлцээгээр улс төр, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаа, соёл хүмүүнлэгийн солилцооны талаар дэлгэрэнгүй ярилцлаа" гэж В.Путин мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, аж үйлдвэр, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт 200 орчим тэрбум ам.долларын өртөг бүхий хоёр талын хамтарсан 90 орчим төсөл хэрэгжиж байгаа буюу хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн хоёр улс төлбөр тооцоог үндэсний валютуудаар хийх алхмуудыг хэрэгжүүлж эхэлжээ.
В.Путин Бээжинд айлчлахаар төлөвлөж байна
Алс Дорнодын хийн хоолойг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр ОХУ-аас нийлүүлэх хийн экспортыг дахин 10 тэрбум шоо метрээр нэмэгдүүлнэ. Мөн Сибирийг дамнасан төмөр зам, Байгал-Амар мөрний төмөр замыг шинэчилж байна. "Хойд тэнгисийн замыг хөгжүүлэх, арилжааны зориулалтаар ашиглахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан" гэж Кремль мэдэгдэв.
В.Путин, Ши Жиньпин нар геополитиктой холбоотой асуудлуудыг хөндөхдөө, НҮБ болон түүний Аюулгүйн Зөвлөл нь "дэлхийн дахины асуудлуудад цаашид ч голлох үүрэг гүйцэтгэх ёстой" гэдэгтэй ОХУ ба БНХАУ санал нэг байгаагаа илэрхийлжээ. ОХУ мөн Евразийн эдийн засгийн холбоо болон Хятадын "Нэг бүс -нэг зам" санаачилгын хүрээнд "Евразийн их түншлэл" байгуулахыг зорьж байгааг дурдсан байна.
В.Путин Дэлхийн II дайн дууссаны ойд зориулсан ёслолд оролцохоор есдүгээр сард Хятадад айлчлахаар төлөвлөж байна.
Ши Жиньпин: Орос, Хятад хоёр бол харилцан ашигтай нөхцөлийг эрхэмлэдэг түншүүд мөн
Хятадын дарга Ши Жиньпин хариуд нь мэдэгдэхдээ “Хятад, Орос хоёр улсын харилцааг улам үр өгөөжтэй, бат бөх болгохын тулд улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал гэж үзэж байна” гэсэн байна. "Харилцан ашигтай, хамтдаа хөгжих зарчмаар найдвартай түншүүд хэвээр үлдэх нь чухал юм" гэж Ши Жиньпин мэдэгдсэнийг Кремлийн хэвлэлийн алба уламжилжээ.
Хятад, Орос хоёр улс бие биенийхээ талд тууштай зогсож, олон улсын харилцаанд "НҮБ төвт тогтолцоо"-г тууштай дэмжиж, олон талт ертөнцийг эмх цэгцтэй болгоход хамтран ажиллах ёстой гэж Ши Жиньпин мэдэгдсэн байна.
Хятад улс хоёр орны ашиг сонирхлыг "нэг талын үйл ажиллагаа, хавчлага шахалт"-аас хамгаалахын тулд Оростой хамтран ажиллахыг хүсэж байна гэж “Xinhua” агентлаг мэдээлжээ.