ХОВД: "Үндэсний бичиг үсэг-Монгол соёлын үнэт өв" уриалгад нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярыг өнөөдөр Ховд аймагт зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн ням гарагт тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жилийн тухайд "Үндэсний бичиг үсэг-Монгол соёлын үнэт өв" уриалгад нэгдлээ.
Тус баярт Ховд аймгийн Боловсролын газар, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиуд, Нийтийн номын сан, Музей, Хөгжимт драмын театр зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, иргэд, хүүхэд өсвөр үеийнхэнд бичиг соёлын ач холбогдлыг сурталчиллаа. Мөн бичиг үсгийн хөгжлийн талаар танилцуулж, үндэсний бичгээр унших уралдаан, компьютер болон гар утас ашиглан үндэсний бичгээр бичих уралдаан зэргийг зохион байгуулсан юм.
Ховдынхон энэ жил үндэсний бичиг үсгийн баярыг номын баяраас тусад нь зохион байгуулснаараа онцлогтой. Өмнөх жилүүдтэй харьцуулахад дээрх үйл ажиллагаанд оролцогчийн тоо нэмэгдсэн, бүтээлч үр дүн гарч байгаа талаар Ховд аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээллээ.