ХОВД: "Байгальд ээлтэй хүүхэд" чуулганаар тунхаглал гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймаг “Youth power-2025” байгальд ээлтэй хүүхэд чуулганыг өмнөх долоо хоногт зохион байгуулсан юм.
Үүнд 17 сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын төлөөлөл 90 гаруй хүүхэд оролцож, мал аж ахуй, бэлчээрийн даац, байгаль орчин, хотжилт ба инновац зэрэг сэдвээр санал солилцов.
Улмаар хүүхдийн дуу хоолой, санал санаачилгыг төрийн бодлого шийдвэрт тусгах үүднээс тунхаг бичиг (уриалга) гаргасан бөгөөд өнөөдөр орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Тунхаг бичигт малын гаралтай түүхий эдийг дахин боловсруулах үйлдвэр барих, хуванцар, металл хайлуулдаг үйлдвэртэй болох гэх мэт шинэлэг ажил хэрэгжүүлэх талаар тусгажээ.
Монгол экологи төвөөс зохион байгуулдаг “Teen хуралдай” үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд оршин буй газартаа өөрсдийн санаачилгаар дээрх чуулганыг Youth power (Залуусын хүч) нэрийн дор зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ хүрээнд үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд "Youth power Ховд“ чуулганыг ЗДТГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Монгол экологи төвтэй хамтран хэрэгжүүлсэн юм.
Чуулганы зорилго нь байгаль орчинд тулгамдаж буй асуудал, өв соёл, уур амьсгалын өөрчлөлтийн талаар өсвөр үеийнхэнд мэдлэг олгох, цаашлаад нийгэмд оролцоотой, хариуцлагатай, байгальд ээлтэй иргэн бэлтгэхэд чиглэж байв.