Ф.Олландын онгоцыг пуужингаас хамгаалах төхөөрөмжөөр тоногложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-11-01 18:04:10

ПАРИС. /TASS/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын хөлөглөдөг "Airbus А330-200" нисэх онгоцыг зенитийн пуужингаас хамгаалах электрон-оптикийн төхөөрөмжөөр саяхан тоногложээ.

“Зенитийн пуужин хөөргөснийг автоматаар илрүүлэх чадвартай уг системийг суурилуулах ажил бүтэн зургаан сарын турш үргэлжилсэн” гэж Франс Пресс агентлагийн эх сурвалж ярьсан байна.

Онгоцны сүүл хэсгийн доод талд байх цагаан өнгийн хагас бөмбөлөг дотор уг төхөөрөмжийг байрлуулсан байна. Энэ төхөөрөмж нь зенитийн пуужин хөөргөх үед ялгарсан дулааныг мэдрэн пуужинг илрүүлэх ба лазерын туяаны тусламжтайгаар уг пуужинг чиглэлээс нь хазайлгадаг аж.

Францын Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг тус улсын Ерөнхий сайд Мануэль Вальс, Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан болон бусад зарим сайдууд хөлөглөдөг байна.

Франс Пресс агентлагийн эх сурвалжийн тодруулснаар, Францын Ерөнхийлөгчийн онгоцонд 2014 онд Израильд зохион бүтээсэн C-MUSIC гэдэг пуужин эсэргүүцэх системийг суурилуулжээ. Израильчууд уг системийг зорчигч тээврийн нисэх онгоцууддаа тун амжилттай ашиглаж байгаа юм.

Х.Сарнай

 

 

Related news