Н.Сугар: Ноолууран бүтээгдэхүүн тансаг хэрэглээ гэхээсээ илүүтэй эрүүл мэндэд тустай, дулаан хувцас болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-01 11:56:32

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг “Өсөх кашмер” ХХК-ийн захирал Нямаагийн Сугартай цөөн хором ярилцлаа. 


-Та хэдийнээс ноос, ноолуураар бүтээгдэхүүн хийж эхэлсэн бэ?

-Би 2000-2005 оны хооронд “Говь” компанид сүлжигчээр ажиллаж байсан. Тэгээд нутагтаа ирээд бага хэмжээгээр ноос, ноолууран бүтээгдэхүүн хийж байгаад 2009 оноос цех, болгож өргөжүүлэн байнгын хоёр ажилтантай болсон. Голдуу захиалгаар бүтээгдэхүүнээ хийж байгаад сүүлдээ дэлгүүр нээгээд ажиллуулж байна. Мөн “Ноён” компанийн гэрээт борлуулагчаар ажилладаг.


-Бүтээгдэхүүний түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Анх “Говь” компаниас ноолууран утас худалдаж аваад хүний өмсөж хэрэглэдэг бүхий л зүйлийг хийдэг байлаа. Өмд, цамц, ороолт, малгай, оймс, бээлий гээд хийхгүй юм байгаагүй. Тэгж байтал “Говь” компани ноолууран утас зарахаа больсон тул “Гоёо” компанийн утсыг нэг хэсэг ашигласан. Одоо бол “Сор” компаниас утсаа авч бүтээгдэхүүнүүдээ хийж байна. “Сор” компани утасны сонголт сайтай, бүх өнгийн утас хийж борлуулдгаараа онцлогтой. Утас нь ч гэсэн дажгүй сайн. Мөн сарлагийн хөөвөр, тэмээний ноосон утас авч бүх төрлийн хувцас хийж байгаа.

Би гар машинтай болохоор зарим нарийн хийцтэй нэхээс, сүлжээс зэргийг гаргаж чаддаггүй юм. Тийм болохоор “Ноён кашмер”-ын гэрээт болсон доо.


-Борлуулалт хэр байна?

-Манайх захиалгаар голдуу бүтээгдэхүүнээ хийдэг болохоор борлуулалт сайн байдаг. Ер нь бол захиалгаар бүтээгдэхүүн хийх их давуу талтай л даа. Тухайн хүний биеийн онцлогт тааруулаад хэмжээс авч, сонгосон өнгө, загвараар нь чанартай, эдэлгээ сайтай, дулаахан ноолууран хувцас хийж өгдөг болохоор хүмүүс захиалга өгөх их дуртай байдаг. Олон жил захиалгаар бүтээгдэхүүнээ хийсэн болохоор хүмүүс танай өөрийн бүтээгдэхүүн гоё гээд байнга ирж авдаг, мэддэг болчихсон.


-Зээл, тусламжид хамрагдсан уу?

-Би Увсад ирж хувиараа ноос, ноолууран бүтээгдэхүүн хийж эхэлсэнээс хойш ямар нэгэн зээл, тусламжид хамрагдаж чадахгүй л яваад байгаа. Өнгөрсөн жил харин Хоршоо дэмжих сангаас 20 сая төгрөгийн зээл авч үзлээ. Их нэмэр болдог юм байна. Ямартай ч хуваарийнх нь дагуу төлөлтөө хийгээд явж байна.

Ноолуур их үнэ цэнтэй бүтээгдэхүүн. Нэг кг ноолууран утас дунжаар 500 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Ингээд бодохоор 20 сая төгрөг хаанаа ч хүрэхгүй л дээ. Яахав далайд дусал нэмэр гэдэг л болсон.

Уг нь бол Увс аймагт манайхаас өөр ноос, ноолууран бүтээгдэхүүн хийж байгаа газар байхгүй. Гэтэл ямар нэгэн хөнгөлөлттэй зээл тусламж хүртэхгүй л байна.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн талаар та дуулсан уу? Манай аймагт бас хэрэгжих л ёстой доо?

-“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд зээл тусламж манай аймагт ирсэн байна. Гэхдээ Монголын ноолуурын холбоонд элссэн компанид зээл олгох нөхцөлтэй юм байна. Би энэ чиглэлээр зээл хөөцөлдөж аймгийнхаа Голомт, ХААН зэрэг банкаар явлаа. Гэвч манайх ноолуурын холбоонд элсээгүй тул зээл, тусламж олдохгүй нь бололтой.

“Цагаан алт” хөтөлбөрийн зээлд хамрагдахын тулд Ноолуурын холбоонд бүртгэлтэй байх ёстой гэж аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн бас хэлсэн л дээ. Бид шиг бага хэмжээгээр юм хийдэг хүмүүс нэг их холбоо энэ тэрд хамрагдаад, татвар хураамжийг нь төлөөд яваад байж чаддаггүй. Ямартай ч тэр холбооны хүнтэй утсаар ярьж, гишүүнээр яаж орох талаар асууя гэж бодож байна. Зээл авахад барьцаа бас хэрэгтэй, тэр нь надад байхгүй. Ер нь бол алслагдсан аймагт жижиг дунд үйлдвэр эрхлэх амаргүй л юм байна.

Саяхан Эдэнэтэд ажилладаг найзтайгаа утсаар ярьсан чинь тэнд зээл өгөөд, бүр автомат машиныг нь эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр олгосон гэсэн.

-Сүүлчийн хормыг танд үлдээе?

-Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрүүд массаараа нэг хэмжээгээр олон бүтээгдэхүүн гаргадаг болохоор давуу талтай байдаг. Гэтэл манайх хоёр гар машинтай, цөөн тоогоор л бүтээгдэхүүнээ гаргадаг. Дөнгөж өнгөрсөн жил “Өсөх кашмер” гээд компани байгууллаа. Гэхдээ ирээдүйд үйлдвэрийн хэмжээнд очиж ажиллахын төлөө хичээж, өсөж дэвшинэ л дээ. Манай компанид одоо надаас гадна гурван хүн ажиллаж байна. Сарын дундаж цалин ойролцоогоор нэг сая орчим төгрөг байдаг. Борлуулалт өсөхөөр цалин бас тодорхой хэмжээгээр нэмэгддэг.

Увс аймгийн хувьд цаг агаар хүйтэн, сэрүүн талдаа болохоор ноос, ноолууран хувцас хүмүүс их өмсдөг. Одоо цагт ноолууран бүтээгдэхүүн тансаг хэрэглээ гэхээсээ илүүтэй эрүүл мэндэд тустай, дулаан хувцас болсон. Түүхий эд нь малын гаралтай болохоор хүний биед ямар нэгэн харшил өгөхгүй, маш их тав тухтай, биед эвтэйхэн, өдөр тутам хэрэглэхэд уйдахааргүй байдаг. Манай компаниар хөрш зэргэлдээ ОХУ-ын Тува улсын иргэд бас их үйлчлүүлдэг болсон.

-Танд баярлалаа.

 





Related news