АРХАНГАЙ: “Зая гэгээнтэн” дуулалт жүжгийг тайзнаа дахин тавилаа

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2025-03-27 15:11:25

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театрын бүтээл халхын гурван зулын нэг, нэрт соён гэгээрүүлэгч Зая гэгээнтний тухай түүхэн дуулалт жүжгийг энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд тайзнаа дахин тавилаа.


“Зая гэгээнтэн” дуулалт жүжгийг анх 2018 онд тайзнаа тоглож байсан бол өдгөө найман жилийн дараа шинэ дүрүүдтэй, шинэ тавилттайгаар тавьснаараа онцлог байв.


Анхны тоглолтод Заяын дүрийг СТА, дуучин Б.Содов бүтээж байсан бол энэ удаад аймгийн ХДТ-ын дуучин Э.Рэнцэн бүтээжээ.


Жүжгийн ерөнхий найруулагч, СТА Д.Ганболд “Тухайн улс үндэстний нийтлэг үнэт зүйл гэж байдаг бол Архангайнхны үнэт зүйл, өв соёл нь Зая гэгээнтэн юм. Түүний түүх намтар, өв соёлыг авч үлдэх, үр хойчдоо уламжлуулан үлдээх, шүтэх ингэснээрээ биднийг үргэлж ивээж байх болно гэдгийг энэ л дуулалт жүжигт үлдээж, түмний хүртээл болгож байгаа нь сайхан. Энэ жүжгийн зохиолыг бичих, тайзнаа тоглох хүртэл нэлээд хугацааг өнгөрүүлсэн байдаг. Дуулалт жүжиг бол хөгжмийн уран бүтээл. Хөгжмийн зохиолчоор Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд ажилласан. Энэ хүн өөрөө Зая гэгээнтэнтэй нутаг нэг хүн болохоор авшиг буян бодож энэ бүтээлийг хийх зорилго тавьж, багаа цуглуулж, аймгийнхаа ХДТ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн. Энэ бүтээл 70, 80 жил өнгөрсөн ч хэзээ ч гандаж, гундахааргүй уран бүтээл. Түүх хуучрах тусмаа үнэ цэнтэй болдог гэдэг. Хуучрах тусмаа л үнэд орж, гялалзах уран бүтээл юм даа” гэлээ.


Энэхүү бүтээлийн хөгжмийн зохиолчоор Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, цомнолыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Ш.Нямлхагва, найруулагчаар МУСТА Д.Ганболд, зураачаар МУСТА Ч.Батболд, хормэйстерээр МУСТА О.Эрдэнэцог, хөгжмийн найруулагчаар хөгжмийн зохиолч МУСТА Ч.Төгсбаяр, бүжиг дэглээчээр МУСТА П.Энхтуяа, МУСТА Ч.Одбаяр, хөгжмийн багшаар МУСТА Ж.Мөнхбат нар ажиллажээ.


Энэхүү уран бүтээлд МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, ажилчид, театрын дэргэдэх хөгжим бүжгийн дугуйлангийн сурагчид оролцсон байна.