УВС: Олон нуурын орчим 30 гаруй зүйлийн ховор ургамал ургадаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Далайн түвшнээс дээш 3000 метрийн өндөрт Хархираа,
Түргэний уулсын дунд том,
жижиг 108 нуур Бөхмөрөн, Ховд сумын нутгийн зааг дээр оршдог. Үүнийг нутгийнхан Олон нуур хэмээн нэрлэдэг.
Олон нуур орчимд мөнх
цас, сүрлэг хад уулс, улаан номд орсон нэн ховор ирвэс, аргаль, янгир, буга
зэрэг 20 гаруй
зүйлийн ан амьтан амьдарч,
30 гаруй зүйлийн ховор
ургамал ургадаг. Олон нуур
нь хайруус загастай бөгөөд тэдгээр нь
шар, ногоон, сүүн цагаан гэх мэт маш олон
өнгөтэй.
Энэхүү
үзэсгэлэнт газраас хос вансэмбэрүү цэцгийг ч харах боломжтой юм. Увс аймгийг зорин
ирж буй аялагчдын үзэх газрын нэг бол үзэсгэлэнт Олон нуур билээ.
Олон нуур нь Улаанбаатар хотоос 1400 орчим км, аймгийн төвөөс 120 км-ын зайд орших бөгөөд шороон замтай. Хархираа, Түргэний уулсын дунд оршдог болохоор өндөр уулс, хад асга ихтэй. Хэдийгээр зорьж очиход зам харгуй нь бэрх ч зуны цагт байгалийн өнгө төрх үнэхээр төгс бүрдсэн, үзэсгэлэнтэй сайхан газар юм.
Ташрамд, Увс аймагт Монголын таван том нуур бий.