Ганга нуурыг хашаажуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-25 17:24:34

Сүхбаатарчуудын бахархлын нэг Ганга нуураа хамгаалж үлдэхийн тулд нэн түрүүнд хийх шаардлагатай байсан хашаажуулалтын асуудал шийдэгджээ.

Ганга нуурыг тойрсон 6,7 км газрыг хашиж хамгаалах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 40 орчим сая төгрөгийн санхүүжилтээр, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Эко түлхүүр ХХК хамтран хийж гүйцэтгэсэн байна.

Ганга нуурыг бүрэн хашаажуулсанаар малын хөлөөс бүрэн чөлөөлж байгаа хэрэг юм. Ингэснээр нуурын ус дахин нэмэгдэх, нуур бохирдохгүй байх гээд олон талын ач холбогдолтой.

Одоогоор нуурын ус маш сайн сэргэж, 600 гаруй хун чуулсан гэх мэдээлэл байгаа. "Гэхдээ сэргэлээ гээд ингээд орхиж болохгүй. Цаашид, өмнө нь яригдаж байсан ажлуудыг бүгдийг хийж хэрэгжүүлж, дахин ширгэх хэмжээнд хүргэхгүй байхад анхаарах хэрэгтэй байгаа юм"  хэмээн иргэд ярьж байна. 

Ганга нуурыг аврах, сэргээх тал дээр маш олон хүн санаа нийлж, олон ч ажлыг хийж хэрэгжүүлнэ хэмээн ярьж, хэлж байгаа ч одоогоор дээрхээс өөр дорвитой хийгдсэн ажил байхгүй байна.

Т. Одончимэг

Related news