Шувууны үүрлэлтэд ажиглалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-17 12:52:10

Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа өнгөрсөн хавраас эхлэн намар хүртэл шувууны үүрлэлт болон үржлийн амжилтын судалгаа хийсэн байна. Энэ нь Их газрын чулууны бүс нутаг дахь шувууны төрөл зүйл, тоо толгойг тогтооход чиглэсэн анхны судалгаа болжээ.

Энэ судалгааны явцад хон хэрээний 3, начин шонхорын 2, нөмрөг тас шувууны 37, хээрийн бүргэдийн 1 үүрийг тэмдэглэж, ажиглалт хийсэн байна. Ажиглалтын хугацаанд шувууны үхэл хорогдол гараагүй, үүрлэлтийн амжилт 100 хувьтай буюу ангаахайнууд бүгд ниссэн байна. Цаашид нөмрөг тас шувуу өсөх хандлагатай байгааг тогтоожээ.

Шувууны ихэнх тоо толгойг нөмрөг тас эзэлж байгаа бөгөөд цогцолборт газрын бүс нутаг дахь тархалтыг нь ажиглахад Баян зүрх, Баруунсайхан уул, Их газрын чулууны ууланд голлон нутагшсан байна.

Судалгааг ирэх жил мөн үргэлжлүүлнэ. Хэд хэдэн удаагийн судалгаа хийж, харьцуулсаны үндсэн дээр байнга нутагшсан болон нүүдэллэн ирдэг шувууны тоо толгой, төрөл зүйлийн өсөлтийг нарийвчлан гаргаж ирэх боломжтой болно гэж Их газрын чулууны хамгаалалтын захиргааны судлаач Ш.Намсрайжав хэллээ.

Т. Отгонтуяа         

 

Related news