СҮХБААТАР: Голын аюултай хэсгүүдэд сэрэмжлүүлэх самбар байрлуулж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-08-08 14:30:51

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/.Энэ зун нийт нутгаар хур бороо элбэг байгаа. Сүхбаатар аймагт ч 2-7 хоногийн давтамжтай бороо орж, бага хугацаанд үргэлжилсэн борооноор ч их хэмжээний ус бууж нуур, голын усны түвшин дээшилсээр байгаа. Тиймээс мэргэжлийн байгууллагууд хамтран сэрэмжлүүлэх самбарыг ийн байрлуулж эхэлжээ.



Өнгөрсөн сард л гэхэд Баруун-Уртын голын гүн цүнхээлд нэг хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Хур борооны улмаас тус голын хоёроос гурван хэсэг газарт 1,3-1,5 метр гүн цүнхээл үүссэн бөгөөд эрсдэл бүхий эдгээр газруудад болон бусад нуур, голд ч самбар байрлуулах ажил үргэлжлэн хийгдэнэ.


Үер усны болоод амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа энэ өдрүүдэд машин шаварт суусан гэх дуудлага мэдээлэл ирсээр байгааг ОБГ-аас мэдээлж байна.


Хамгийн сүүлд буюу 8 дугаар сарын 2-нд орсон аадар борооны улмаас гэр, байшин, орон сууцны зоорийн давхар усанд автсан тухай 22 дуудлага мэдээллийг хүлээн авч, усанд автсан 36 айл өрхийн 19 гэр, 7 байшин, 2 орон сууц, 7 албан байгууллага, 1 гудамж талбайн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.


Энэ сарын 10-нд зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэдгийг Цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа. Тиймээс иргэд, тээвэрчдыг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБГ-аас анхаарууллаа. 

Related news