О.Магнай: МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-10-11 12:03:52

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай УИХ-д олонхийн суудал авсан МАН сонгуулийн өдрөөс өнөөдрийг хүртэлх 100 хоногийн хугацаанд хийсэн ажлын талаар тайлан гаргажээ.

Тэрбээр уг тайланг улс төрийн намуудаас хараат бусаар гаргасан гэдгийг онцлоод “МАН 2016 оны сонгуульд оролцохдоо дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, тус намын мөрийн хөтөлбөрийн 4.2.7-д Төрийн байгууллага удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно гэж заасан.

Гэтэл МАН-ын дарга М.Энхболдтой ах дүү, хамаатан садны холбоотой 20 хүн төрийн удирдах албан тушаалд томилогдсон.Түүний хүү нь Монголбанкинд, Зургаан дүү нь УИХ-ын Тамгын газар, Сангийн яам, ХЗДХЯ, УУХҮЯ, Эрдэнэс таван толгойд удирдах албан тушаал хашиж байна. Түүний удирддаг Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагууд ч мөн төрийн өндөр албан тушаал хашиж байгаа. Түүнчлэн МАН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн ах дүү, төрөл төрөгсөд ч өндөр албан тушаалд томилогдсоор байна.

МАН-ын Засгийн газар хүүхдийн мөнгө, эмч, багш, оюутны тэтгэмж гэх мэт олон үр дүнтэй ажлыг зогсоосон. Нэг нам, нэг улс төрчийн эрх ашгийн төлөө ийм төрийг би хүлээн зөвшөөрөхгүй. Энэ Засгийн газар мэргэжлийн бус. Би АН олонхи байхад ч мэргэжлийн бус Засгийн газрыг эсэргүүцэж байсан. МАН үнэхээр шударга гэдгээ харуулахыг хүсвэл мэргэжлийн бус Засгийн газар байгуулж, Монголын нийгэм, эдийн засгийн байдлыг дордуулсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг барьж, хариуцлага тооцох хэрэгтэй” хэмээв.

Мөн энэхүү тайланд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлын талаар тусгахаар төлөвлөж байсан ч орон нутгийн сонгууль болох гэж байгаа тул түр хойшлуулах болсон байна.  Ирэх сарын эхээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал, түүний цаана байгаа улс төрийн тохиролцоо, хувь хүмүүсийн эрх ашгийн талаар дэлгэрнгүй мэдээлэл хийнэ гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news