Явуулын амбулаторийн баг 6 суманд ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-11 11:08:11

Монгол Улсын ЭМСС-ын 2016 оны А/147 дугаар тушаал, Сүхбаатар аймгийн ЭМГ-ын даргын А/45 дугаар тушаалуудын дагуу Сүхбаатар аймгийн бүх сумдад Явуулын амбулаторийн үзлэг шинжилгээ хийгээд иржээ.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх, БЗДХ/ХДХВ –ийн үзлэг шинжилгээг хийхээр 7-9 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Наран, Халзан, Уулбаян, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдад зохион байгуулсан байна. Үзлэг шинжилгээнд давхардсан тоогоор 10291 хүн хамрагдсанаас 85 хувь ямар нэгэн өвчин эмгэгтэй гарсан байна.

Энэ үеэр зорилтот насны буюу 15-49 насны иргэдийг БЗДХ илрүүлэх шинжилгээнд 5673 хүн хамрагдснаас 328 тохиолдол тэмбүү өвчнөөр өвчилсөн нь батлагджээ. Тухайн өвчлөгсөд болон тэдгээрийн хавьтагчдын 50 орчим хувьд нь эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн элэгний хорт хавдрын сэжигтэй 13 тохиолдлыг илрүүлэн гурав дахь шатлалын эмнэлэгт онош баталгаажуулах зорилгоор илгээгээд байна.

Сүхбаатар аймгийн тухайд энэхүү Явуулын амбулаторийн үзлэг шинжилгээг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн санхүүжилтээр хийгддэг ажил юм.

Т. Одончимэг

Related news