Нэг ч хадаас ороогүй оёдлын машин Сүхбаатар аймгийн музейд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-11 10:55:58

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул мужаан, сийлбэрч Х.Монхоорой 1963 онд нэг ч төмөр оруулалгүйгээр эд ангийг нь ердийн модоор зорж хийсэн модон оёдлын машин урласан байна. Энэ оёдлын машин нь Орос оёдлын машинтай харьцуулахад арай алхам холтой оёдог байжээ.

Уг модон машин одоо аймгийн Угсаатны зүйн музейн голлох үзвэрийн нэг болж зорьж ирсэн олны хараа сонирхлыг татсаар хагас зуугаад жил болжээ. “Модоор машин хийж болох үгүйг л үзэх гэсэн юм” гэж тэрбээр хуучилдаг байжээ.

Аймгийн соёл урлагийн арав хоногийн бэлтгэл ажил ид өрнөсөн 1965 оны хоёрдугаар сард Х.Монхоорой гуайг сумаас нь дуудан аймгийн төвд ирүүлж түмний нүд хужирлах бүтээл, хүний гар дээр тавих бэлэг сэлтээс аваад олон зүйлийг хийлгэсэн байна. Эдүгээ аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдан олны хүртээл болж байгаа “Чоно авлагч”, “Адуучин”, “Чоно хөөж буй буур”, ”Худаг гаргагч”, “Азарганы ноцолдоон”, "Зээрийн сүрэг", "Буга согоо" зэрэг хөдөөгийн аж амьдралыг илтгэн харуулсан модон сийлбэрүүдээ тэр үед л бүтээсэн байна. Нүүдэлчин монголын соёлын их өв уламжлалыг өөрийн сийлбэр бүтээлээрээ монголдоо төдийгүй гадаад оронд сурталчлан таниулж, музейн сан хөмрөгийг баяжуулсан дахин давтагдашгүй авьяас бүхий алдартай сийлбэрч хүн байсан байна. Түүний хийсэн бүтээлийг хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Ир Сенд бэлэглэж байсан гэдэг.

Уран сийлбэрч Хасын Монхоорой 1933 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Баруун Зээрд гэдэг газарт төрсөн байдаг. Тэрээр  малчин, мужаан, сийлбэрчин, худгийн моторчин, тоо бүртгэгч зэрэг олон ажлыг хийж явжээ.  Цэцэн хан аймгийн Эрх гүн, Хардал жанжин бээсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум нь уран дархчууд, сийлбэрч, ерөөлч магтаалч олонтой нутаг юм.

Түүний  уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, аймгийн хүндэт дэвтэрт нэрийг нь бичсэн байна. Тэрбээр 2008 онд өөд болжээ.

Т. Одончимэг

Related news