Аргал, хөрзөн эрэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-10 17:31:53

Сүхбаатар аймгийн ихэнх сумдаар цас орж, хүйтэрч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор аргал түлээ, нүүрсний эрэлт ихэсчээ. 9 дүгээр сард нийт нутгаар үргэлжилсэн бороо орсны улмаас норсон аргал, хөрзөн хатаагүй, нойтон байгаа. Тиймээс хуурай хөрнө, аргаль эрэлт ихтэй байна.

Малчид хааяа төврүү орж ирэхдээ ганц нэг тэвш хөрзөн ачиж ирэх үед тэр нь хурдан хугацаанд, өндөр үнээр зарагдах хандлагатай байгааг нүүрсний худалдаачид хэллээ.

Нүүрсний хувьд одоогоор үнэ тогтвортой, урьд жилүүдийнхтэй адил байна. Нэг машин нүүрс 80,000 төгрөгөөр, нэг шуудай нүүрс 4000 төгрөгний ханштай байна. Иргэдийн худалдан авах чадвар муудсан байгаа нь машинаар нь авахаасаа илүү шуудайгаар, жижиглэнгээр нь авч байгаагаас харагдаж байна гэж нүүрсний худалдаачид ярьж байна.

Т. Одончимэг

Related news