Сонгуулийн хуулийн заалтыг түдгэлзүүлсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг нийтэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ.
Дээрх заалтад "Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль болсон бол хасагдсан нэр дэвшигч 6 жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба өмнөх сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тусгасан байсан юм. Харин Үндсэн хуулийн цэцээс уг заалт нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж дүгнэн, есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн заалт Сум, дүүргийн ИТХ-ын энэ оны ээлжит сонгуулийн хувьд хэрэглэгдэхгүй болж, "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтлэгдсэнээр баталгаажиж байна.
Мөн өнөөдрийн дугаарт Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ. Энэ зарлигийн хүрээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, орлогч даргаар ЗГХЭГ-ын дэд дарга, Нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга ажиллах юм. Түүнчлэн тус зөвлөлийн гишүүдэд 31 байгууллагын удирдлага багтжээ.
Н.Гантуяа