ОРХОН: Хүүхдийн баярын нээлтэд 600 гаруй хүүхэд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-06-02 11:11:44
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нээлтэд 680 гаруй хүүхэд оролцлоо. Баярын үйл ажиллагаа А.Амарын талбай, “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн ордонд зэрэг болж хүүхэд, багачуудад зориулсан соёл, урлаг, спортын олон арга хэмжээ боллоо.

 

Орхон аймаг сүүлийн гурван жилд “Хүүхэд хөгжил” төслийг хэрэгжүүлж ерөнхий боловсролын сургуулиудад үкүлэлэ хөгжим болон гитар, даралтат хөгжим өгч сурагчдын хөгжмийн боловсролыг нь дээшлүүлэхэд онцгой анхаарч байна.

 

Хүүхдийн баяраар 200 сургагч төв талбайд үкүлэлэ хөгжмөө тоглож, өөрсдийн сурсан, мэдсэнээ үе тэнгийхэндээ болон ээж, аавдаа толилууллаа.


 

Баярын үеэр “Мэргэжил бүхэн сайхан” үйл ажиллагаа болж ОБГ-ын гал сөнөөх машин, Цагдаагийн газрын зарим техник, хэрэгсэл, эмнэлгийн түргэн тусламжийн машин, эмнэлгийн зарим багаж, хэрэглэлийг А.Амарын талбайд байрлуулсан нь хүүхдийн сонирхлыг ихэд татлаа.

 

Зургаадугаар сарын 1-нд төрсөн бяцхан үрсээ аймгийн удирдлагууд эргэж баяр хүргэсэн юм. Аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал зургаадугаар сарын 1-ний 00:20 минутад БОЭТ-ийн Төрөх тасагт төрсөн охинд баяр хүргэж, гарын бэлэг өглөө. Тус өдөр төрөхийн өмнөх болон төрсний дараах, нярайн тасагт нийт 19 ээж сувилуулж байжээ.


 

“Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнд 3x3 сагсны тэмцээн, Соёлын төвүүдийн нэрэмжит соёл, урлагийн үйл ажиллагаа боллоо. Тухайлбал, “Хэмнэл”, “Эгшиглэн” зэрэг таван соёлын төв тус бүр хүүхэд, багачуудыг оролцуулсан соёл, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулж  500 орчим хүүхэд оролцлоо.


 

Хүүхдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг дэлхий нийтэд 99 дэх жилдээ тэмдэглэж байгаа бол бол Монгол Улс 72 дахь жилдээ тэмдэглэлээ.

 

Орхон аймаг энэ өдрийг “Эрдэнэт хүүхэд хөгжил” гэсэн уриан дор тэмдэглэж, 100 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж хүүхэд, багачуудаа баярлууллаа. Баярын үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Соёлын төвүүд, Соёл, урлагийн газар, Эрдэнэт үйлдвэр зэрэг олон байгууллага хамтран зохион байгууллаа.


 

 

Related news