СЭЛЭНГЭ: “Энхтайвны ой”, “Ногоон тайга хүрээлэн” ТББ-ууд сурагчидтай хамтран нарсан төгөл байгууллаа

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-25 20:58:20

Сэлэнгэ, 2024 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт орших, “Тужийн нарс”-ыг тэлэх, хамгаалах, арчлах зэрэг олон ажлыг дотоодын болон гадаадын томоохон компаниудын хөрөнгө оруулалтаар хийж байна. 




Өнөөдөр Тужийн нарсны тусгай хамгаалалтын газар, БНСУ-ын “Энхтайвны ой” ТББ, Монгол Улсын “Ногоон тайга хүрээлэн” ТББ, Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний ЕБ-ын 1-р сургуулийн Б.Баттунгалаг багштай 8-р ангийн сурагчид хамтран 99 нарс мод тарилаа.

 

Энэхүү ажлыг БНСУ-ын "Юхан Кимберли" компанийн хөрөнгө оруулалтаар хийжээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус компани Тужийн нарсны 3250 га талбайд арван сая мод тарьж ургуулсан байна.   

Дээрх мод тарих ажлыг “Энхтайвны ой” ТББ санаачилсан бөгөөд энэ удаад зөвхөн удирдах зөвлөлийн 19 хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад зочилж байгаа аж.  

 

Тэд Монгол орны ойн санг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах, мод тарих газрыг сонгох, хамтран ажилладаг төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, цаашид хийх хөрөнгө оруулалтыг хэрхэн үр дүнтэй, бодит ажил болгоход санал солилцсон байна.

 

Удирдах зөвлөлийн гишүүд, сурагчдын хамтарсан төглийг Тужийн нарсны тусгай хамгаалалтын газрын тусгай заасан газарт байгууллаа. Энэ модоо сурагчид жил бүр ирж услах, арчлалт хамгаалалтад анхаарч ажиллана гэж анги удирдсан багш Б.Баттунгалаг онцоллоо.

 

БНСУ-ын "Юхан Кимберли" компани 2004 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг сэргээхэд эхний арван жилд 10 сая мод тарихад хөрөнгө оруулалт хийжээ.

 

Харин өнгөрсөн арван жилийн хугацаанд тарьсан модны ургалтад анхаарч, арчлах, судалгаа, шинжилгээний ажил хийхийн зэрэгцээ иргэдийн амралт, чөлөөт цагт зориулан өндрийн цамхаг байгуулсан юм.

 

Тужийн нарсыг сэргээх ажилд "Юхан Кимберли" компани хөрөнгө оруулалт хийж, БНСУ-ын “Зүүн хойд Азийн ойн форум” ТББ, “Монголын ойн форум” ТББ-ууд уг ажлыг гүйцэтгэжээ.   

 

Харин одоо БНСУ-ын “Энхтайвны ой” ТББ, Монгол Улсаас “Ногоон тайга хүрээлэн” ТББ-ууд мод тарих ажлыг Тужийн нарсны тусгай хамгаалалтын газартай хамтран хэрэгжүүлж байна.  

 

Цаашид "Юхан Кимберли" компаниас Монгол орны ойн санг нэмэгдүүлэх ажилд жилд 100 сая вон төсөвлөж, дээрх төрийн бус байгууллагуудаар дамжуулан мод тарих юм.