ОРХОН: Монгол хэл, бичгийн улсын 53 дугаар олимпиад үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-07 08:37:54
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/ Монгол хэл, бичгийн улсын 53 дугаар олимпиад Орхон аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 1969 оноос эхлэлтэй тус олимпиадыг Орхон аймаг гурав дахь удаагаа орон нутагтаа зохион байгуулж байна.


Тус олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 30 сурагч, 60 багш оролцож байна. Мөн Орхон аймгийн санаачилгаар бага ангийн багшийн төрлийг нэмсэн нь онцлог байлаа. Аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал олимпиадыг нээж хэлсэн үгэндээ, “Орон нутгийн хурал, захиргааны байгууллагаас хүний хөгжилд чиглэсэн олон талт бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд улсын төрөлжсөн олимпиадад аймгаа төлөөлөн оролцох багш, сурагчдыг бүх талаар дэмжиж, амжилт гаргасан багш, сурагчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулж байна” гэсэн юм.


Мөн монгол үндэстний дархлаа болсон монгол хэл бичгийг сонгон өөрийн мэргэжлээ болгосон эрхэм хүндэт багш нар, үндэсний хэл, соёлоо сонирхон судлагч сурагчдад амжилт хүслээ.


Орхон аймаг өнгөрсөн хугацаанд Монгол хэл бичгийн улсын 49 дүгээр олимпиад, Химийн улсын 29 дүгээр олимпиад, Газар зүйн улсын 25 дугаар олимпиад, Нийгмийн ухааны улсын 24 дүгээр олимпиад, Биологийн хичээлийн улсын 33 дугаар олимпиадыг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан. 


Орон нутагтаа Монгол хэлний хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хос бичигт шилжих ажлыг эрчимжүүлэх, монгол хэл, бичгийн хичээлийн сургалтын чанар, багш нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 53 дугаар олимпиадыг зохион байгуулж байна.

 

Related news