Улсын тэргүүний цэцэрлэгийн батламжаа гардан авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-05 15:27:58

Хүүхдийн хөгжил, мэдлэгийн түвшингээр өндөрт үнэлэгдэж, ажил үйлсээрээ улсдаа шалгарч үнэлэгдсэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4-р цэцэрлэгийн хамт олон Улсын тэргүүний цэцэрлэгийн батламжаа өнөөдөр БСШУ- ны сайд Ж. Батсууриас гардаж авлаа.

Улсын хэмжээнд 3 цэцэрлэг, 4 сургууль, 5 багш оны шилдэгээр шалгарсаны нэг нь тус цэцэрлэг юм. Тус цэцэрлэг улсын тэргүүний цэцэрлэгийн гол шалгуур болох хүүхдийн хөгжил, мэдлэгийн түвшингээр 90- ээс дээш хувьтай үнэлүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүйгээрээ бусдад үлгэр жишээ болсон байна.

 200 гаруй хүүхэд хүлээн авч  22 багш, ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ хамт олон ажил үйлсээрээ аймагтаа тэргүүлж, аймгийн тэргүүний цэцэрлэг, шилдэг хамт олноор шалгаран, багш нарынхаа ур чадвараар ч улс, аймагтаа үнэлүүлж байжээ.

Дундговь аймгийн түүхэнд Улсын тэргүүний хэмээх алдрыг хүртэж байгаа 4 дэхь цэцэрлэг нь энэ бөгөөд анх 1987 онд Хулд сумын цэцэрлэг, 1990 онд Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэг, 2014 онд Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэг Улсын тэргүүний цэцэрлэгийн батламжийг гардан авч байжээ.

Т. Отгонтуяа         

 

Related news