Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-04-25 12:10:52

ОТТАВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /OANA/. Хуванцар хог хаягдалтай тэмцэх тухай олон улсын гэрээг боловсруулах хэлэлцээг эхлүүлэх зорилго бүхий дээд түвшний уулзалт Канадын Оттава хотноо эхэллээ.  Уулзалтад дэлхийн 175 орны төлөөлөгчид оролцож байгаа тухай "Azertac" агентлаг мэдээлжээ.


Өндөр уулсын оргилуудаас эхлээд далай тэнгисийн гүн ёроол хүртэл хуванцар хог хаягдлаар бохирдож, түүгээр барахгүй хүмүүсийн биеэс бичил хуванцрууд илэрсээр байгаа билээ. 


"Хуванцрын бохирдлоос ангид ирээдүйг бий болгоход зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хурдасгах шинэ гэрээ байгуулна гэдэгт дэлхий нийтээрээ бидэнд итгэж байна" гэж НҮБ-ын хуванцрын асуудлаарх гэрээний хэлэлцээг даргалагч Луис Вальдивьесо онцлон тэмдэглэлээ. 


Хуванцар бохирдолтой тэмцэх тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан олон улсын шинэ гэрээг 2024 оны эцэс гэхэд боловсруулж дуусгах үүрэг амлалтыг улс орнууд 2022 онд авсан юм. Харин бодит ажил одоо л эхэлж байна. Оттавад болж буй энэ удаагийн чуулган нь энэ оны сүүлчээр Өмнөд Солонгост хийхээр төлөвлөж буй эцсийн шатны хэлэлцээний өмнө болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. 


Хэдийгээр олон улсын гэрээ байгуулах шаардлагатай байгаа талаар өргөн хүрээнд зөвшилцөлд хүрсэн боловч 2040 он гэхэд хуванцрын үйлдвэрлэлийг 75 хувиар бууруулахыг дэмжиж буй байгаль орчныг хамгаалагчдын хувьд газрын тос олборлогч орнууд, хуванцар үйлдвэрлэгчдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа ажээ. 


Хуванцрын үйлдвэрлэл сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж, 460 сая тоннд хүрсэн бөгөөд ирэх 40 жилд дахин гурав дахин өсөх төлөвтэй байгаа нь далай тэнгис, уур амьсгалд ихээхэн хор уршиг учруулна.

Related news