ОРХОН: “Хойд бүс”-ийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь ухаалаг хөдөө аж ахуй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-16 18:54:47
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улс “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-аа шинэчлэн батлах зорилтын хүрээнд энэ жилийг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.


Аймгуудыг нийт зургаан бүсэд хувааж тус бүрийн онцлог, давуу болон сул талыг тодорхойлж хөгжлийн зураглалыг нь гаргаж байна. Орхон, Булган, Хөвсгөл аймгийг хойд бүсийн хөгжлийн тулгуур төв хэмээн тодорхойлж аж үйлдвэр, байгаль орчин, мал аж ахуйн чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.


Эдгээр гурван аймагт Монгол Улсын хүн амын 9.1 хувь буюу 305 мянга 917 иргэн оршин сууж байна. Нийт 84 мянга 781 өрх байна.


Орхон аймгийн ДНБ-ий хэмжээ 2022 оны байдлаар 3.4 их наяд төгрөг бөгөөд үүнээс нэг хувь нь ХАА, 89 хувь нь үйлдвэрлэл, 9.9 хувь нь үйлчилгээний салбар байгаа бол Хөвсгөл аймгийн ДНБ-ий хэмжээ 951.5 тэрбум төгрөг, үүнээс 57.3 хувь нь ХАА, 15.2 хувь нь үйлдвэрлэл, 27.5 хувь нь үйлчилгээний салбар байна.


Булган аймгийн ДНБ-ий хэмжээ 549.8 тэрбум төгрөг, үүнээс 65.2 хувь нь ХАА, 13.5 хувь нь үйлдвэрлэл, 21.3 хувь нь үйлчилгээний салбар юм.


Булган, Хөвсгөл, Орхон аймгийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2022 оны байдлаар 171.5 тэрбум төгрөг байгаагаас 40.3 хувь нь орон нутгийн төсөв, 59.7 хувь нь улсын төсвийн хөрөнгө оруулалт байна. Тухайлбал, Булган аймагт  28.3 тэрбум, Орхон аймагт 87.7 тэрбум, Хөвсгөл аймагт 55.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.


Хойд бүсийн сүүлийн арван жилийн хөрөнгө оруулалтын өсөлтийн дундаж хурд 12.6 хувь байна.


Хойд бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд, хүнд аж үйлдвэрийн цогцолбор, ухаалаг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн нөөцөд түшиглэсэн хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхээр төлөвлөж байна.  

 

Related news