Л.Балхжав: Надад өглөө шиг нээлтийг авчирсан дуу бол ...

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-04-15 17:36:07

-Дэлхийн урлагийн өдөрт-


Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн урлагийн өдөр. Бүх цаг үеийн гайхамшигт уран бүтээлч Леонардо Винчи энэ өдөр мэндэлжээ. Урлаг бидний амьдралыг үргэлж хөглөж, өнгө гэрэл нэмж байдаг билээ. Тиймээс дэлхий даяар гагцхүү урлагт талархаж, түүнд хүндэтгэл илэрхийлж ёслон тэмдэглэдэг энэ өдрийг тохиолдуулан дуу зохиож, дуугаараа ард түмэндээ хүндлэгдэн хайрлагдсан нэгэн сайхан уран бүтээлчтэй ярилцсанаа толилуулж байна. Энэ эрхэм бол Монгол Улсын Төрийн соёрхолт, МУУГЗ, хөгжмийн зохиолч, UBS телевизийн ерөнхий захирал Лхагвадоржийн Балхжав юм. 


- Телевиз, дуу, киноны гээд наад зах нь гурван том салбарт хийсэн уран бүтээлүүд нь ард түмэнд танигдсан уран бүтээлчтэй ярилцахад мэдээж сонирхолтой хэрнээ бас сүрдэм санагдаж байна. Тэгвэл та өнөөдөр яг аль сэдвээр нь ярихыг илүү хүсэж байна вэ, яагаад?

-Эзэмшсэн мэргэжил маань дэлгэц, киноны найруулагч. Тиймээс үндсэн мэргэжлээрээ арай илүү юм ярьж магадгүй. Гэхдээ дуу хөгжим, телевиз, кино нь тусдаа мэт харагдавч цаагуураа нэг юм. Дүрсгүй хөгжим, хөгжимгүй дүрс, хөгжимгүй кино ямар байх билээ. Тиймээс эдгээр нь XXI зууны нэгдэж ажиллах ёстой хамгийн том урлагийн төрөл гэж би боддог. Гэхдээ үүнийг хийхдээ үндэсний чиглэлээ л барих хэрэгтэй. Түүнээс биш Холливуд шиг кино хийх гэх нь тийм ч зөв юм биш болов уу. Учир нь, монгол кино, хөгжим, телевиз тэднээс ялгарах хэрэгтэй. Тиймээс нүүдлийн соёл иргэншлээ түшиж л дэлхийд чанга дуугарч байж биднийг анхаарч харна. Монгол хүн эх нутагтаа, өөрсдөө сэтгээд кино хийвэл амжилтад хүрч болно гэдгийг харуулах хүсэл эрмэлзлээр цаатны өвөрмөц ахуйг харуулсан “Содура”, морин хуур хөгжмийн тухай “Говийн домог”, тоо толгой нь цөөрч буй сарлагийн тухай “Нарны садан” уран сайхны кинонуудаа бүтээсэн.

 

ОН ЖИЛ ӨНГӨРӨХ ТУСАМ ТУУЛЬСЫН СЭДЭВТ КИНО ҮНЭД ОРДОГ


-Одоо бас, машид өвөрмөц дуу бүжиг, түүх соёлтой буриад зоны аж амьдралыг харуулсан шинэ киногоо нээх гэж байгаа, тийм үү?

-Тийм ээ, “Хайрын домог” кино маань тун удахгүй дэлгэцнээ гарна. Монголын нүүдэлчин соёл иргэншлийг харуулсан туульсын хэлбэртэй кинонуудыг маань гадаадынхан ч их сонирхдог. Гэхдээ киногоо бид арилжааны бус, бүтээл талаас нь хийдэг. Техник, найруулагч, оператор гээд бүгдийг мэргэжлийн түвшинд байлгаж, жилийн дөрвөн улирал дамнуулан киноныхоо зургийг авдаг болохоор уран бүтээлүүд маань эх орноо сурталчлах бас нэг гүүр болох талтай. Бид тархиндаа байгаа бүх нөөц бололцоог дайчилбал Монголын уран бүтээл дэлхийн дэвжээнд лавтай гарна. Би “Хү” хамтлагийг ярих их дуртай. Дэлхийн олон мянган рок уран бүтээлчдийн дундаас манай “Хү” хамтлагийн ялгарч байгаа хэлбэр нь үндэсний маань өв соёл юм. Морин хуур, Монголын дархлаа болсон таван нот буюу пентатоник таван эгшиг, тэдний монгол дүр төрх, үс гэзэг гээд бүгд сонин хэрнээ рокын хэмнэлээр тоглоод байгаа учир дэлхийн олон оронд таалагдаад байна шүү дээ. Тэгэхээр бид азтай. Ийм их өв соёл, онгон байгаль, 1,5 сая хавтгай дөрвөлжин км талбайд кино хийх павильон Монголд маань байна.


- Монголынхоо хаана нь ч очоод кино хийж болох тийм том павильон бидэнд байна гэдэг нь сэтгэл хөдөлгөж байна шүү. Тэгвэл дараагийн киногоо ямар сэдвээр хийхээр зорьж тэмүүлж явна вэ, эсвэл ингэж асуухад эрт байна уу?

-Манай UBS-ын Долгион захиралтай “UB pictures” гэж алба бий. Тэд маань орчин үелэг кино хийхсэн, туульсын кино л хийгээд байх юм гэж боддог байж болох юм. Тэгэхээр би залуучууддаа, бидний дараагийн кино, монголчуудын оюуны нүдийг нээсэн догшин хутагт Данзанравжаагийн тухай “Чононгоо” нэртэй кино байх болно. Энэ кино бидний туульсын хэлбэрийн киноны сүүлийнх, түүний дараа хайр сэтгэлийн жанр ч юм уу, залуусын сэдвээр кино хийх бололцоог хангаж өгнө гэж амласан. Мөн Мөнх хааны тухай түүхэн сэдэвт кино бүтээх төлөвлөгөө бий. Зохиолыг нь манай дөрвөн том зохиолч бичиж байна. Ингэж шатрын нүүдэл шиг уран бүтээл маань төлөвлөгдөж явдаг.


-Таны бүтээсэн уран сайхны кинонууд л гэхэд аль хэдийн 10 давчихсан. Ер нь кино хийгээгүй жил бий юу?

-Тийм ээ, туульсын киноноос гадна, “Зүрхэнд гэрэлтэх од” гээд Монголын хамгийн анхны мюзикл, “Universe best songs наадмын маань шилдэг оролцогчид тоглосон “Мартагдашгүй намар 2” уран сайхны кино, хамгийн анхны телевизийн сериал “Эзэнгүй айл” кинонууд маань бий. Манай телевиз монгол теле кино үйлдвэрийн бааз суурин дээр 1992 онд байгуулагдсан болохоор кино уламжлалыг авч явах үүргээ маш сайн биелүүлж ирсэн. Кино хийхгүй жил бидэнд байгаагүй. Бидний анхны видео уран сайхны кино гэвэл “Шувууд буцах намар” юм. Тэгээд олон баримтат кино хийжээ.


- Улс үндэстнүүдийн сэтгэлгээ үлгэр домог, туульсын бодомж, хэтрүүлэл зүйрлэлийн давтагдашгүй охь ертөнцөөр илэрдэг. Кинонуудын тань үйл явдал, зөрчил ч давтагдашгүй мэт, заавал нэг “сэтгэл хөндүүрлүүлэм” илэрхийлэмжийг онцгой гоё шигтгэдэг. Тиймээс туульсын сэдэвтэй кинонууд илүү сонирхолтой болдог болов уу?

-Арилжааны кино, насанд хүрэгчдэд зориулсан кино, зодоон нүдээнтэй кино тухайн үедээ бужигнаж байгаад алга болдог. Тэгэхэд он жил өнгөрөх тусам туульсын сэдэвт кино үнэд ордог. “Содура”, “Говийн домог” зэрэг туульсын киногоо эргээд үзэхэд тийм байдаг. Тэгэхээр би тантай санал нэг байна.


- Сая би орж ирээд, төгөлдөр хуур дээр тань байгаа шүлгийг хараад энэ хүнд ер нь зав байдаг болов уу гэж бодогдсон. Таныг 1000 гаруй дуу зохиосон гэж бичсэн байна билээ. Та Монголын хамгийн олон дуу зохиосон хөгжмийн зохиолч мөн үү?

-Мөн байх аа. Үнэхээр 1000 гаруй дуу бий шүү. Үнэхээр энэ ажлыг зав гаргаж л хийхгүй бол болдоггүй. “G entertainment”, продюссер Д.Ганболд нар санаачлан 2000 онд “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” гэдэг уралдааныг анх зохиосон. Тэр нь одоо “My voice” нэртэй зохиогдоод явдаг. Миний дуунууд сонгодог, дуурь, нийтийн болон зохиолын, поп, R&B, хип хоп хэлбэрээр зохиогдсон болохоор уралдаанд оролцож буй хүүхдүүдэд сонголт ихтэй байсных болов уу даа.

Би Хөгжим бүжгийн сургуулийн морин хуурын ангийг төгссөн хүн шүү дээ. Хөгжмийн дээд сургуульд сураагүй ч киноны олон уран бүтээлд хөгжмийн зохиолчоор ажиллах эрхийг надад UBS телевизийн маань хамт олон өгсөн. Тиймээс хөгжмийн зохиолуудаа хобби мэт дур сонирхлоороо эхлүүлсэн л дээ.


НИСЧИХМЭЭР ОН ЖИЛҮҮД


- "Миний дуунууд хэчнээн цаг хугацаа, орон зайг туулан танд хүрч, баясал, гуниг, ухаарлын алиныг нь авчрахыг би таашгүйгэдэг үг тань хүн хүнд янз янзаар л хүрсэн байх. Гэхдээ уран бүтээлээ сэтгэлдээ тултал урласан гэх нэг бахдал цухалзаад байх шиг надад санагддаг. Харин та юу илэрхийлэхийг хүссэн бэ?

-Энэ үгийг төгөлдөржүүлж хэлсэн хүн нь радиогийн сэтгүүлч Оюунтунгалаг гэж бүсгүй. Намайг ид бүтээж, туурвиж байсан 30 хэдэн настай явахад, “Та дуугаа хит болно гэдгийг мэдэрдэг үү, мэддэг үү” гэж асуусан юм. Зүрх сэтгэлээс гарсан зүйлээ л хийнэ. Хэр удаж байж бүтээл маань хүнд хүрч, баясгах, гомдоох, эсвэл уйтгар гуниг өгөхийг би мэдэхгүй шүү дээ гэснийг тийм гоё болгож, ярилцлагаа гарчигласан байсан.


-Дуунд шүлэг чухал уу, аялгуу нь чухал уу гэцгээх нь бий. Гэхдээ үггүй, дан аялгуу хүнд ухаарал өгч чадах уу гэж танаас асуувал маш тэнэг асуулт болох уу, эсвэл үгүй юу?

-Ёстой тэнэг биш, би үүнийг “Mongolian songs” төсөл дээр яруу найрагч нар нь нэг талдаа, хөгжмийн зохиолчид нь нөгөө талдаа суугаад нэвтрүүлэг шүүсэн юм. Тэгэхэд би Гүрээгээрээ тоглож, “Та нарын шүлэг дангаараа байх юм бол ингээд л байгаад байна, их л удаж номын түүвэр болно. Харин аялгуу хийвэл амь орж, дуучны сэтгэлгээгээр хүнд хүрнэ. Нэмж хөгжмийн найруулга хийвэл клипмэйкэрүүдийн ажлаар үзэгчдийн сонсох, үзэх дуртай дуу болж түгнэ” гэж хэлсэн юм. Гэтэл Гүрээ маань “Тэгвэл та нар үггүйгээр зөвхөн аялгуу дуулаад байж бай л даа” гэж наргиж байв.


Тэгэхээр яруу найраг, хөгжим гэдэг аль аль нь урлагийн том салбар. Яруу найраг дангаараа ч оршин тогтнодог. “Болор цом” наадамд л гэхэд ямар гоё гоё шүлэг уншигддаг билээ. Түүнтэй адил дан хөгжмийн зохиол, симфони, киноны хөгжим гэхэд бас л үггүйгээр байж болдог. Харин энэ хоёрыг эвлүүлнэ гэдэг асар том ажил, тэгж эвлүүлснээр бүр төгсөрч байгаа юм.

Би Монголынхоо сор болсон олон сайхан яруу найрагч, дуучидтай хамтарч ажиллажээ. Хамгийн анхны маань дуу “Амин нутаг” гээд Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуайн үг. Түүнээс хойш Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Төрийн соёрхолт Б.Догмид, Ц.Бавуудорж, СГЗ Ш.Гүрбазар, Ү.Хүрэлбаатар, Ц.Хулан нартай хийсэн уран бүтээл тоогоо алджээ. Тоолж үзэхэд, би нийтдээ 50-иад яруу найрагчтай хамтарч ажилласан юм билээ.

Бас үнэхээрийн чадалтай дуучид дууг амьдруулдаг. Саяхан “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар шинэ дууг маань дууллаа. Сараа, Ариунаа хоёр л гэхэд тус тусдаа 70 гаруй дууг маань дуулсан байх жишээтэй. “Хурд”, “Камертон”, “Харанга” гээд гоё хамтлагууд байна. Ийм гоё сонгодог дуучидтай, ийм гоё поп дуучидтай нэг эрин үед амьдарч байгаадаа би үнэхээр жаргалтай явдаг.


- Бараг бүх дуу тань хит болжээ. Ер нь та юугаараа бахархдаг вэ?

-Би өөрийгөө их азтай хүнд л тооцох гээд байна л даа. Мэргэжлээрээ ажиллах бололцоог өөртөө бий болгож, уран бүтээлийн бодлогыг нь барьдаг удирдлагын түвшинд ажиллаж ирлээ. Ундарга ихтэй булаг шиг л манай UBS телевизээс яруу найрагчид төрсөн байна. Санхүү маркетингийн захирал маань уг нь тооны хүн. Тэгэхэд Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн дуулсан “Тэр намайг дурсдаг болов уу”, МУГЖ Т.Ариунаагийн дуулсан “Зүүдний ханхүү”, “Камертон” хамтлагийн “Нулимсаа арч охин минь” дуунуудыг зохиосон байх жишээтэй. Манай телевизийн сэтгүүлч П.Одгэрэл “Содура”, “Говийн домог” киноны дууны шүлгийг зохиосон. UBS телевизэд ажилладаг Б.Нармандах, н.Сумьяа, Ө.Гэрэлцэцэг гэхчлэн олон хүн дэлгэцийн салбараас гадна, дууны урлаг руу орсон. Бид ингэж л хамтарч ажилладаг.


- FM-ээр 10 дуу явахад түүний 9 нь таны дуу байх үе байлаа шүү дээ. Тэр үед өөрийгөө арай өөрөөр мэдэрч байгаагүй гэж үү?

-Одоо би 60 гарсан хүн. Миний 30, 40 настай үед FM-ээр 10 дуу уралдуулахад, үзэгчдийн санал асуулгаар эхний байранд орсон 9 дуу нь үнэхээр минийх байдаг байсан. Есөн морь уячихаад нэг хүнтэй өрсөлдөж байгаа юм шиг болсон тийм үе үнэндээ байсан шүү.


- Таны дууг дуулах гэсэн, танаар дуу зохиолгох гэсэн захиалгад дарагдсан он жилүүд үргэлжилсээр л байгаа юу. Ер нь, та ямар үед хөглөгддөг вэ?

- Ямар ч дууг, хэнтэй ч хийсэн зүрх сэтгэлээсээ хичээж, өөртөө үүрэг даалгавар өгч байж зүрхээ ч, сэтгэлээ ч хөглөж хийсэн бүтээл маань амжилтад хүрээд ирсэн л дээ. Тэгээд ард түмний алга ташилт, ийм дуу дуулмаар байна гээд хүрээд ирж байгаа дуучид, энэ шүлгэнд ая хийгээд өгөөч гэж хүсэж байгаа яруу найрагчдаар хөглөгддөг болчихдог юм билээ. Хүн л юм чинь хөөрнө, онгирно. Нисвэл нисчихээр магтаал сайшаал, амжилтдаа бялуурахаар он жилүүд байсан л даа. Өөрөө өөрийгөө байнга хянаж байсан учраас өнөөдөр ингээд сууж байгаа гэж                                                            

бодогддог юм. Би арай илэн далангүй хэлчихэв үү дээ

/инээв сурв/.

                                                                                                                                                                     Зураг: Гэр бүлийн хамт


-Та хэтэрхий гэмээр даруухан хүн юм аа?

-Ер нь бол, тийм байж магадгүй. Гэхдээ жаахан онгирох бас хэрэгтэй юм билээ. Түүнийг Гүрээ дээрээсээ харж, мэдэрч баярласан удаатай. “Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа” гэдэг дууг ажил тарж ирээд, манай гэрт хоёулаа хийсэн юм. Тэгээд үүрээр 4-өөс дууслаа. Шөнөжин ажиллаад үс гэзэг сэгсийчихсэн хоёр хүн бие биеэ хараад амраад сууж байтал, Гүрээ маань майкаа сөхөж гүзээгээ гаргачихаад, “Балхаа нэг юм хэлье” гэснээ, “Би  эх орны сэдэвт дуу зохиох дараагийн хүнийг өрөвдөөд байна аа” гэж хэлсэн юм. Тэгэхэд би бас дотроо хөөрч байсан шүү.



                                                                  ӨГЛӨӨ ШИГ ЭХ ОРНЫ ЭЗЭД 


- Та эх орны сэдэвт дуугаар уран бүтээлээ эхэлсэн. Уг нь тэр үед 15-16 настай хүү хайрын дуу зохиож болно оо доо. Түүнээс хойш ч энэ сэдвээр олон сайхан бүтээл төрүүлсний нэг нь “Өглөө шиг эх орон”. Энэ дуу хэрхэн төрсөн бэ?

- Хөгжим, шүлэг хоёр нь зэрэг зохиогдсон дуу бол “Өглөө шиг эх орон”. Тэр үе бол Монголын ард түмэн өөрсдөө ч мэдэхгүй монгол өв соёлоороо цангасан тийм үе байсан л даа. Энэ дуунд “Өүлүн ээжийн бүүвэйн аялгуу...” гээд түүхэн сэдэв ч туссан байгаа. Ш.Гүрбазар маань үнэхээр сайхан шүлэг зохиосон. Манай гэрт бараг амьдраад л энэ дууг гаргаж байлаа. Өчнөөн зузаан ноорог гаргасан байдаг гээд бод доо.

 

- 40 орчим хуудас ноорог байдаг гэдэг байх аа?

-Тийм ээ, тэр дотроос шилж байгаад анхны хувилбараа ард түмэнд хүргэтэл зарим хүн огшиж, баярын нулимс цийлэгнүүлж угтаж авсан. Бас дуучид маань өөр өөрийн онцлогоор маш сайхан дуулсан. Монголын ард түмний бүх хайртай одод оролцон дуулсан шүү дээ. Энэ дуунд пентатоник аялгууг 100 хувь хэрэглэсэн. Клипийг тухайн үед “Жи-энтертайнмент”-д ажиллаж байсан “hero” Баатар хийсэн.


“Өглөө шиг эх орон” дуу маань уран бүтээлийн минь хувьд “Өглөө шиг нээлт”-ийг надад авчирсан. Хөгжмийн зохиолчдын холбооны Монгол Улсын XX зууны манлай хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Л.Мөрдорж гуайн нэрэмжит шагналыг авч ирсэн. Би ямар ч шагналаас илүүтэй энэ шагналаараа бахархдаг.


-Энэ дуунд их олон хүн дуртай, үнэхээр сайхан дуу. Таны хэлдгээр хэдэн хүнд баясал авчирсныг таашгүй юм даа...

- АНУ, Канадад ажиллаж амьдарч байсан олон хүн энэ дууг минь сонсоод “Эх орон минь ийм сайхан билээ үү” гээд эх орондоо ирсэн түүх бий.

 

- Дэлхийн хүн төрөлхтөнд ямар ч хил хязгааргүй хүрдэг юм бол хөгжим. Та хэд хэдэн удаа Монголын таван эгшиг пентатоникийн тухай дурдлаа. Таны бүтээлүүдэд ч хамгийн их хэрэглэгддэг эгшиг гэж ойлгож болох уу?

- Монгол аялгуунд байдаг онцлог нь 5 эгшигт хөг буюу “Пентатоник лад” юм. Аав маань жолооч байсан ч урлагийн мэдрэмжтэй хүн байв. Миний багш домогт морин хуурч Г.Жамьян. Багшаасаа морин хуур хөгжмөөр дамжуулан тэр 5 эгшгийг илүү их мэдэрч, бас хөглөгдсөн. Тэгээд цусан дахь аавын минь үлдээсэн жаахан авьяас гижигдээд, эх орны сэдвээр их ажиллажээ. Бүтээлүүдийн маань 70 гаруй хувь нь эх орны сэдэвтэй болчихсон байсан. Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, С.Гончигсумлаа гээд бүх алтан үеийн уран бүтээлчид энэ 5 эгшгээр гайхалтай бүтээлүүд туурвиж, биднийг хүмүүжүүлсэн.


Олон уран бүтээлч эх орны сэдэвтэй уран бүтээл хийхээс зүрхшээх тал анзаарагддаг л даа. Гэхдээ ийм бүтээлүүдийг одоо л бид хийж эх оронч сэтгэлгээ, бахархлыг залуучууддаа суулгах хэрэгтэй юм.

 

-Залуус эх орны сэдэвт “хаалгаа хаагаад”, гадаад соёлыг түлхүү шохоорхоод байна гэсэн эмзэглэл анзаарагдаад байна, тийм үү?

- Аав ээж, хайр дурлал гээд мөнхийн сэдвүүдээр бүтээл хийж болно оо. Гэхдээ дараа үеийнхэн маань энэ сэдвийг бүү орхиосой. Яагаад гэвэл, энэ эх орны сэдвээр өөр орны хэн ч бидэнд хийж өгөхгүй шүү дээ. Хийж өгсөн ч дутуу л хийнэ, бид л илүү хийж чадах учраас тэр юм. 

 

МОРИН ХУУР БОЛ АМЬД ХӨГЖИМ


-Та морин хуурч мэргэжилтэй. Морин хуурын аялгуугаар ботгоо голсон ингийг хүртэл аргаддаг ард түмэн бол монголчууд юм. Морин хуур шиг тийм уяхан аялгуугаар аргадаж чадах хөгжим өөр бий юу?

- Түрүү та өөрөө хэлсэн шүү дээ. Хүн төрөлхтөн, ямар ч орчуулгагүйгээр хөгжмийг ойлгодог гэж. Би бол түүнээс давах гээд байгаа байхгүй юу. Хүн төрөлхтөн битгий хэл мал амьтан ч хөгжимд уярдаг. Учир нь, морин хуур бол амьд хөгжим. Жишээ нь, гитар, хийл гэхэд чавхдас нь төмөр утас шүү дээ. Харин морин хуурынх өөр. Адууны ширээр царыг нь, чавхдасыг нь адууны сүүлний хялгасаар, нумыг нь бургасаар урладаг. Тиймээс морин хуураас гарч байгаа авиа, аялгуу бүхэн маш гоё тембртэй болдог юм байна. Тэгэхээр яаж ч байсан бусад хөгжмөөс ялгарч байгаа биз дээ.

Мөн Монголын дархлаа болсон пентатоник хөг морин хуурт маш сайхан зохицдог.

Тиймээс монгол хүний сэтгэлгээгээр морин хууран дээр зохиосон бүтээлүүд үнэхээр сайхан болдог. Үүнийг Н.Жанцанноров, З.Хангал, Б.Шарав гээд манай аугаа хөгжмийн зохиолчдын бүтээлээс сонсож болно. Одоо сонгодог хөгжмийн том том бүтээлийг морин хуурт зориулан бүтээж байна л даа. Гэхдээ морин хуураар гадаадын бүтээлийг тоглохоос илүүтэйгээр Монголынхоо бүтээлүүдийг тогловол хүмүүст илүү хүрнэ, гадаадынхан ч гайхширч хүлээж авна.

 

-”UBSтелевиз бий болсноор үзэгчид суваг солих боломжтой болсон. Нийслэл хотоороо овоглосон, хувийн анхны телевизийг удирдаж, та бүхэн олон шинэчлэл хийжээ. “Universe best songs” гэхэд л телевизийн өмнө гэр бүлээр нь уядаг тийм контент байв. Та аль контентдоо илүү дуртай вэ?

-Үнэхээрийн бид телевизийн шоу нэвтрүүлгүүдэд анхдагч байсан. Хамгийн анх “ХХ lady” гэдэг реалити шоу хийж байлаа. Дараа нь “Хогондоо” гэдэг шоу хийсэн. Өчигдөрхөн нь цэвэрлэсэн гудамжинд хог хаясан байхыг үзээд сэтгүүлч бүсгүй маань уйлж байсан тэр хэсэг үзэгчдэд маш их хүрсэн байдаг юм. Нийгмийн шилжилтийн ороо бусгаа үед траншейны хүүхэд олон байлаа. Тэдэнд зориулж “Гэртээ харих замд” гэж шоу хийсэн. Тэр хүүхдүүдийг гэрт нь аваачиж хувцаслаад, тэдэнд морин хуур тоглохыг зааж өгсөн. Удалгүй тэдний дундаас морин хуурын чуулга гарсан гээд бод доо. Би энэ шоундаа их дуртай. “Global Ceo” нэвтрүүлэгт оролцсон олон залуу өнөөдөр том том компанийн захирал болсон байна. Бас алдарт У.Шекспирийн хэлсэн үгээр нэрлэсэн “Орших уу, эс орших уу” гэдэг нэвтрүүлэг маань амьдралтай, их сайхан нэвтрүүлэг болсон.

Тэгээд “Universe best songs” контент маань 10 жил үргэлжилж, 11 дэх жилд нь жил бүрийн шилдэг 10 дуучныг оролцуулж, шилдгийн шилдгийг шалгаруулсан гээд анхдагч олон зүйл хийжээ.

 

- “Universe best songs” энэ олон жил үргэлжлэхэд ар араасаа ундран гарч ирж байгаа залуусыг хараад ямар их дууч ард түмэн юм бэ гэж бодогдож байсан шүү...

-Залуус англи, франц, герман, япон, солонгос, оросоор дуулж байсан шүү дээ. Гэхдээ энд оролцсон хүн болгон дуучин болоогүй, болгох ч гээгүй. Уран бүтээлтэй ойрхон байсан хүн буруу зүйл хийхгүй. Тиймээс тухайн үед залуусын авьяасыг нээх, сэтгэл зүрхийг нь хөглөх хэрэгтэй байсан. Тэрийгээ хийж чадсан. Эргээд харахад тэнд оролцсон олон залуу сайхан амьдарч байна. Гран-при авсан Ч.Цэлмүүн гэхэд л дуулж чадна гэдгээ батлаад, ард түмэндээ хэрэгтэй мэргэжлээр шал өөр салбарт ажиллаж байна. За тэгээд шоуны оролцогчид маань кино, барилга, дипломат алба гээд олон салбарт ажиллацгааж байна.


-Таны уран бүтээлд илэрхийлэгддэг “Өглөө шиг, бурхан шиг” эх орны ямар хүү нь гэж та өөрийгөө боддог вэ?

-Би монгол эх орныхоо нэгэн сайн хүү нь болов уу. Олон уран бүтээлд зоригтой оролцжээ. Ажиглаад байхад, яруу найрагч нар бүр их зоригтой байдаг юм байна. Д.Пүрэвдорж гуай гэхэд л монгол эх орноо, “Алтай сайхан говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ” гэж 1,5 сая хавтгай дөрвөлжин км нутгийг хэдхэн см зүрхэндээ багтаачихаж байгаа байхгүй юу. Энэ бол асар их зоригтой илэрхийлэл. Тэр том талбайг багтааж байгаагаараа хүний зүрх сэтгэл бол бүр том, хязгааргүй юм болоод явчихаж байгаа байхгүй юу.

“Амин хайрын эх орон” гэдэг дууны шүлгийг бичсэн З.Түмэнжаргал гэдэг хүн бол,

Алтайн уулсаас Дорнын их тал хүртэл 

Алтан говиос умрын цэнхэр ногоон ойн хөвч хүртэл

гээд л эх орноороо хөндлөн гулд “тоглож” байгаа биз дээ. Гэхдээ өөрийнхөө эх орноор шүү дээ. Бид бусдын эх орон руу зэвсгээр байтугай, уран бүтээлээр ч давшилдаггүй.


Ш.Гүрбазар маань бас бүр “танхай” илэрхийлсэн. Монголынхоо тал нутгийг “Дэлгэсэн тэрлэг шиг”, бас “татсан нум шиг” хэмээн янз янзаар хэлсэн шүү дээ. Энэ бол чадвартай улсын зоригтой илэрхийллүүд. Эх орны сэдэв гэдэг бол хамгийн том сэдэв. Эх орны сэдвээр бүтээл хийж байгаа хүмүүсийг би өөрийнхөө бяранд итгэчихсэн улс байдаг болов уу гэж боддог.


- Аливаа нийгэмд даган дуурайж байдаг тийм нэг хүмүүс байдаг. Та хүссэн хүсээгүй ч энэ цаг үеийн тийм хүмүүсийн нэг болжээ. Та ямар байдлыг бусдад үлгэрлэхийг хүсдэг вэ, эсвэл би танд хэтэрхий тулгаад байна уу?

-Бид Монголынхоо их соён гэгээрүүлэгчдийг шүтэж биширч өссөн. Одоо харин тэр үе нь бидний үеийнхэнд ирсэн болов уу гэж бодогдох үе нээрэн гардаг шүү. Энэ бол уран бүтээлийн маань л ач.  

Би Бээжинд Азийн телевизүүдийн холбооны хуралд очсон юм. Буудал нь үнэгүй, өглөө хоолтой, өдөр, оройн хоолгүй байв. Үнэнийг хэлэхэд, төсөв мөнгө муутай байлаа. Нэг өдөр хуралд оролцогчид Хятадын Цагаан хэрэм үзээд явж байтал, хажуугаар нэг хүн өнгөрөх гэснээ зогсоод, өчигдөр зурагтаар гарч байсан, “Талын монгол айл” дууг зохиосон хүн мөн үү гэж асуув. Хамт явж байсан хүмүүс маань “мөн мөн” гэцгээлээ. Т.Ариунаа маань “Талын монгол айл”-ыг Өвөр Монголд хит болгочихсон байсан л даа. Тэгээд тэр хүн, “Та зав гаргаж болох уу, уран бүтээлчидтэйгээ уулзуулах гэсэн юм, та нарыг өдрийн хоолонд урьж байна” гэв. Уран бүтээлийнхээ хүчийг хилийн чанадад мэдрэх арай л гоё мэдрэмж байсан шүү.


- Хамгийн олон хүнд хүрсэн дуу тань “Үзэсгэлэнт минь” байх аа?

-Ютубээр 24 сая хүнд хүрсэн, 6000-аад комменттой байсан. Монголын дуунуудаас хамгийн олон хандалтай дуу л даа. Хакердуулаагүй байсан бол хэд хүрэх байсныг ёстой би таашгүй. Цааш яаж рекорд тогтоох байсан бол гэж бодохоор заримдаа үнэхээр харамсдаг шүү. Манай Лхагваа янзтай дуулсан, Бавуугийн Лхагвасүрэн гуай “Үнсэлцэж байгааг харах гээд уулс бөхийнө...” гэхчлэн ямар гоё шүлэг бичсэн юм бэ дээ.


- Монгол наадмын сүлд дуу хэмээн алдаршсан “Миний монгол наадам” ч бас л огшоодог дуу шүү дээ...

-Гадаадын телевизийнхэн Монголд ирээд нэвтрүүлэг хийхдээ, “Миний монгол наадам”-ыг их сонгочихсон байдаг. Тэгээд авторуудаас нь зөвшөөрөл авах гээд уулзахаараа, телевизийн хүн зохиосон байсан юм уу гээд их гайхацхаагаад байдаг юм. Миний дуунуудыг бас Франц, Япон, Солонгос, Өвөр Монголд дуулдаг юм. Мөнгө хэрэгтэй болсон үед заримдаа тэднээс мөнгө орж ирж байсан үеүд бий шүү.


- Сайн уран бүтээлчдээс сайхан бүтээл төрдөг юм байна. Тэгэхээр таны хамгийн ишлэх дуртай үгээр ярилцлагаа жаргаах уу?

-За тэгье, Гүрээгийнхээ “Ижий минь дэргэд байвал жаргалтай” гэдэг дууныхаа үгэнд би машид дуртай. Ү.Хүрэлбаатарын “Аньсаган дунд минь бүрэлзээд байна, ангир ижий минь ирэв үү дээ”, Б.Лхагвасүрэн гуайн “Ижий минь дэргэд байхад сүү үнэртэнэ” гэдэг үгэнд дуртай. Тэгэхээр эх хүн гэдэг эх орон юм. Эх хүний сэтгэлээр эх орноо хайрлаж чадвал эх орон, эх хүн гэдэг нэг л тойрогт эргэлддэг сэтгэл гэж бодогддог. Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм даа.

Гэрэл зургийг Б.Чадраабал 

Related news