Өвс тэжээл нөөцлөхөд зориулж 40 сая төгрөг тодотгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл өнөөдрийн байдлаар 71 хувьтай байна. Одоогийн байдлаар 399 тонн өвс, 142.4 тонн тэжээл аймаг, сумын аюулгүйн нөөцөд байгааг ХХАА- н газраас мэдээлсэн юм.
Мал аж ахуйн өвөлжилтөд зориулж сум бүр 40 тонн өвс, 30 тонн тэжээл бэлдэх Засгийн газрын тогтоолтой. Энэ албан даалгаварыг Өлзийт сум биелүүлж, 62 тонн өвс, 35 тонн тэжээлийн нөөц бүрдүүлсэн бол Адаацаг, Дэрэн, Сайнцагаан сумын хувьд өвсний нөөцөө тогтоосон хэмжээнд хүргэжээ.
Аймгийн аюулгүйн нөөцөд шинээр өвс, тэжээл татаагүй байна. Өнгөрсөн сард аймгийн ИТХ- аар төсвийн тодотгол хэлэлцэхэд Орон нутгийн хөгжлийн сангаас 40 сая төгрөгийг өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зориулан тусгаж баталсан. Хэзээ, хаанаас хэдий хэр хэмжээний өвс, тэжээл татах нь одоогоор тодорхойгүй байгааг ЗДТГ- ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилэн Э. Уянга хэллээ.
Малчдын хувьд 3500 гаруй тонн гар тэжээл бэлдэж авсан байна. Энэ нь бэлдэх ёстой гар тэжээлийн 14 хувь болж байгаа ажээ.
Т. Отгонтуяа