ГОВЬ-АЛТАЙ: Дэлгэр суманд цэцэг өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-08 15:54:19
Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дэлгэр сумын Гуулин тосгонд хонины цэцэг өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор аймгийн Мал эмнэлгийн газраас тодруулахад, дөрөвдүгээр сарын 5-нд хонины цэцэг өвчний сэжигтэй тохиолдол Гуулин тосгоны хоёр өрхийн хонин сүрэгт илэрч, хязгаарлалтын дэглэм тогтоосон бөгөөд одоогоор өвчилсөн малаас эдийн шинжилгээг авч холбогдох лабораторид хүргүүлсэн тухай Мал эмнэлгийн газрын дарга Р.Бүрэнбаясах мэдээллээ.

Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Дэлгэр сумын Засаг даргын захирамжийн дагуу, Дэлгэр сумын нийт хонин сүрэгт цэцэг өвчний эсрэг дархлаажуулалт яаралтай хийхээр шийдвэрлэжээ. Аймгийн мал эмнэлгийн газраас ажлын баг томилон тус сумын баг бүрд маршрут гарч, Дэлгэр сумын нийт 77,391 толгой хонин сүрэгт вакцин хийхээр болжээ.

Цэцэг өвчин нь арьсны цэврүү, гүвдрүү тав бүхий шарх, шүлс, нус, нулимс, нуух, сүү, шээсээр дамжин вирус ялгарч гадаад орчныг бохирдуулж, гэмтсэн арьс, салст бүрхүүл, амьсгалын замаар дамжин халдварладаг байна. Олон улсын хорио цээрт халдварт өвчин учир малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин бүс нутгийг хамран дэгдэх аюултай учир малчдыг малаа вакцинжуулалтад идэвхтэй хамруулахыг анхаарууллаа.  
Related news