ЗАВХАН: Хэрэглээний үнийн индекс өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-03 11:47:41

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өссөн байна.


Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчийн худалдаж авсан бараа болон үйлчлүүлсэн үйлчилгээний үнийн ерөнхий өөрчлөлтийг харуулдаг харьцангуй үзүүлэлт юм.


Хэрэглээний үнийн индексийн зорилго нь хүн амаас үйлдвэрлэлийн бус зориулалтаар хэрэглэсэн бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшний цаг хугацааны өөрчлөлтийг судалдаг.

Өнөөдрийн байдлаар аймгийн төвд алтан тариа гурил 2533 төгрөг, шингэн сүү 7000 төгрөг, цагаан будаа 3900 төгрөг, элсэн чихэр 4500 төгрөг байна.

Хонины мах 8163 төгрөг, үхрийн мах 12000 төгрөг, ямааны мах 6649 төгрөг байна. Шатахууны хувьд, АИ-80 бензин литр нь 2870 төгрөг, АИ-92 бензин литр нь 2890 төгрөг, дизелийн түлш литр нь 3938 төгрөгөөр тус тус худалдаж байна.

Бусад баруун бүсийн аймгуудад 1л А-80 бензин 2680-2870 төгрөг, А-92 бензин 2798-2890 төгрөг, дизелийн түлш 3888-4015 төгрөгөөр тус тус худалдаж байна.


Хэрэглээний үнийн индекс нь инфляцын түвшинг тодорхойлдог гол үзүүлэлт бөгөөд төрийн санхүү, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засагт үнийн судалгаа хийж, таамаглал дэвшүүлэх, хүн амын цалин, тэтгэвэр, тэтгэмж бусад орлогын хэмжээг индексжүүлэхэд тооцооны гол үзүүлэлт болдог.


Түүнчлэн хэрэглээний үнийн индексийг макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн нэг болох дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн аргын тооцоонд болон эцсийн ашиглалтын тооцооны өрхийн аж ахуйн эцсийн хэрэглээний зардлыг зэрэгцүүлэх үнэд шилжүүлэхэд ашигладаг гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Related news