IV түвшний соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-03-25 18:33:19

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 25 /РИА Новости/. Гуравдугаар сарын 23-ны өдөр Наран дээр болсон томоохон дэлбэрэлтээс үүссэн плазмын урсгал Дэлхийд хүрч ирснээр маш хүчтэй соронзон шуурга ажиглагдаж байгаа тухай Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн Нарны одон орон судлалын лабораториос мэдээллээ.


“Дэлбэрэлтээс шидэгдсэн Нарны плазмын урсгал Дэлхийд хүрч ирсэн бөгөөд боломжит таван түвшнээс дөрөв дэх түвшний соронзон шуурга үргэлжилсээр байна” гэдгийг тус лабораторийн ажилтан онцлов.  


Соронзон шуурганы хурд нь Дэлхий орчимд бараг хоёр дахин нэмэгдэж, ойролцоогоор 800 км/секундэд хүрсэн байна. Мөн Дэлхийг хүрээлсэн плазман үүлсийн халууны хэм нь бараг 1 сая градус хүртэл нэмэгдсэн бол Нарны плазм ирэхээс өмнө Дэлхийг хүрээлж буй хийн температур 100 мянга орчим кельвин байжээ.


“Нарны шуурга хэр удаан үргэлжлэхийг одоогоор тодорхой хэлэх боломжгүй. Соронзон орны загварчлалын үнэлгээгээр бол бүтэн өдөр үргэлжлэх төлөвтэй байна. Шуурганы хүч хамгийн дээд түвшиндээ хүрээд байгаа. Үүнээс илүү хүчтэй V түвшний соронзон шуурга хамгийн сүүлд 2005 оны 9 дүгээр сарын 11-нд ажиглагдаж байсан” гэж лабораторийн ажилтнууд ярилаа.  


Наран дээр болсон дэлбэрэлт нь Нар-Дэлхийн шугам дээр болсон тул манай гарагт үзүүлэх нөлөөлөл нь хамгийн их байжээ. Дэлбэрэлтээс үүссэн плазман үүлс ням гарагийн орой эсвэл даваа гарагийн үдээс өмнө Дэлхийн тойрог замд хүрнэ гэж эрдэмтэд тооцоолж байв.    

Related news