“Ус-Хөгжлийн түлхүүр” эрдэм шинжилгээний хуралд шилдэг 15 илтгэлийг шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-03-22 20:29:26

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол улсад Усны салбар үүсэж  хөгжсөний 86 жил, ШУТИС-ийн Барилга,  Архитектурын сургуулийн 65 жил, Монгол Улсад Хүрээлэн буй орчны инженерийн  салбарын ууган мэргэжил болох сантехникийн инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн  хүрээнд хамтран “Ус-Хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол  практикийн XVIII бага хурлыг ШУТИС-д зохион байгууллаа.


Тус хурал Монгол орны өмнө тулгамдаж буй усны нөөцийн хүртээмжтэй байдал, чанарын  асуудал, нөөцийн зохисгүй ашиглалт, хамгаалалт, усны үнэ цэнэ, уур амьсгалын өөрчлөлт,  газар ашиглалт ба усны нөөцийн бодлого төлөвлөлт, усны барилга байгууламж, бохир ус  боловсруулах систем зэрэг устай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд их, дээд сургуулийн  оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд тусламж  дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.


Хуралд нийт 30 гаруй илтгэл ирүүлснээс анхан шатны шалгаруулалтад салбарын эрдэмтэн, багш нар хянан дүгнэж шилдэг 15 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлэв.


“Өмнө жил онцлох 10 илтгэл шалгаруулж байсан бол энэ жил хүрээгээ тэлж 15 илтгэл шалгаруулж буйгаараа энэ удаагийн хурал онцлогтой. Оюутан залуусаас ирээдүйн бодлого төлөвлөлттэй холбоотой шинэ санаа гаргах нь чухал. Эдгээр шинэ санаачилгыг усны болон төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч, доктор Ph.D Ж.Даваацэрэн энэ үеэр тодотгов.


Энэхүү хуралд ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын оюутан А.Дархан-Эрдэнэ Унд-ахуйн усны чанарыг сайжруулах малын ясаар үнсэн шүүлтүүр хийх судалгааг танилцуулав.  Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын гүний усыг бохирдуулах нэг том хүчин зүйл болж буй асуудлыг эдийн засгийн хувьд  ашигтай, байгальд ээлтэйгээр шийдэх арга зам буюу говийн бүсийн аймгийн унд-ахуйн усны стандартын үзүүлэлтээс давсан фторын агууламжийг бууруулахад ашиглах малын ясаар үнсэн шүүлтүүр хийх талаар эдийн засгийн болон хүрээлэн буй орчны судалгаан дээр суурилж шүлтүүр хийж лабораторийн орчинд туршиж эдийн засгийн хувьд хэр үр дүнтэй болохыг тооцож үзсэн судалгаа юм. Бод болон бог малын ясыг шатаах процессоор боловсруулж үнсэн шүүлтүүр хийхэд бод малын яс илүү сайн фтор шүүж чадаж байна. Фторын хэмжээг 2.05 дахин бууруулах боломжтойг энэхүү судалгаагаар илрүүлжээ. Цаашдаа малаас гарах ясны хаягдлыг зөв боловсруулж үнсэн шүүлтүүр хийснээр байгаль болон эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтойг хэлж байлаа.


Үндэсний Батлан Хамгаалахын их сургуулийн Инженерчллэийн тэнхимийн оюутан Б.Эрдэнэ-Очир “Гүний ус цэвэршүүлэх арга технологи сэдэвт илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “Монгол Улсын нийт усны хэрэглээний 85 хувийг гүний уснаас хэрэглэдэг. Манай орны усны нөөцийн 20 хувь нь гүний ус юм. Гүний усыг шүүн бэлтгэхэд 12 арга байдгаас Монгол Улсын гүний худгийн дийлэнх хувь нь эргэлтэт насосыг ашигладаг учир цэвэршүүлээгүй ус ашигладаг гэсэн үг юм. Харин шүүрүүлийн аргаар цэвэршүүлэн хэрэглэвэл усны стандартад шаардлагатай ус хэрэглэх юм. Худгийн насосоыг дутуу цэвэрлэснээр бидний өдөр тутмын амьдралд хэрэглэдэг ус бохирдолтой гарч бактери үүсэх боломжтой. Энэхүү судалгаагаа ОХУ-ын Ус цэвэршүүлэх байгууллагын Ус ашиглах технологийн судалгаанаас иш татаж ашигласан” гэж дурдав.



Related news