ЗАВХАН: Нөхөн үржихүйн насны 4000 орчим эмэгтэй эрт илрүүлэг үзлэгт хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-21 17:44:39

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймаг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж байна.


Нөхөн үржихүйн насны 17102 эмэгтэйгээс 9713 буюу 56,8 хувь нь жирэмснээс сэргийлэх арга хэрэглэж байна. Хөхний үзлэгт 1287, умайн хүзүүний папын шинжилгээнд 1287 эмэгтэй хамрагдсан байна. Нөхөн үржихүйн насны зорилтот бүлгийн 3219 эмэгтэйд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгч, хөгжлийн бэрхшээлтэй 72 эмэгтэйг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулсан байна.


Нөхөн үржихүйн 18-45 насны 14545 эмэгтэй эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх оношилгоо, шинжилгээнд хамрагдахаас 3998 эмэгтэй хамрагдаж, хамрагдалт 27,4 хувьтай байна.


Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын их эмч, эх баригч эмч нарт гэр бүл төлөвлөлт, жирэмснээс сэргийлэх аргын тандалтын тогтолцооны талаарх сургалтыг жилд хоёр удаа явуулдаг. Ингээд тухайн эмч нар жирэмснээс сэргийлэх арга хэрэглээний тандалтын тогтолцоог бэхжүүлэх, судалгаа мэдээлэлтэй болох зорилгоор эмэгтэйчүүдэд нөлөөллийн ажлыг явуулж, зөвлөгөө мэдээллийг өгөхөөс гадна, судалгааг жил бүр хийдэг.


Давхардсан тоогоор нөхөн үржихүйн насны 9600 гаруй эмэгтэй эрүүл мэндийн ганцаарчилсан болон танхимын сургалт мэдээлэл, нөлөөллийн ажилд оролцжээ. Өнгөрсөн жилийн төлөвлөгөөт ажлын хүрээнд найман төрлийн жирэмслэхээс хамгаалах эм хэрэгсэл болон эх барих эмэгтэйчүүдийн эм, эмнэлгийн хэрэгслийг захиалж 25.3 сая төгрөг зарцуулжээ. Тухайлбал жирэмслэхээс хамгаалах эм, яаралтай ууж хэрэглэх эм, тариа, суулгац, ерөндөг, бэлгэвч, охидын ерөндөг, мөнгөжүүлсэн ерөндөг гээд нийт 5470 гаруй жирэмснээс хамгаалах эм, хэрэгслийг иргэдэд олгосон байна. 

Related news