ЗАВХАН: Монголын хамгийн хөгшин мод Их-Уул сумын нутагт бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-21 15:18:54

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол орны хамгийн хөгшин мод Завхан аймгийн Их-Уул сумын нутагт байгааг ойн салбарын судлаачид тогтоожээ.


Тус мод нь 700 гаруй жилийн настай, 1.8 метр бүдүүн шинэс мод юм. Их-Уул сумын нийт газар нутгийнх нь 30 хувийг ойн сан эзэлдэг. Ойн санд шинэс, хуш мод зонхилсон, насны хувьд дунд насны, болц гүйцэж яваа, болц гүйцсэн гэсэн насжилттай байна.


Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын ойн сан Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Архангай аймгийн Цахир сумын нутгийг хамарсан 108667 га талбай юм. Үүний 3173700 шоо метр нь Их-Уул сумын нутагт байдаг.


Монгол орны хамгийн урт настай мод

Ойг хамгаалах урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна 

Их-Уул сум ойн сангаа хамгаалах, нөхөн сэргээх, ойн дагалт баялгыг зөв зохистой ашиглах чиглэлээр ойн тогтвортой менежментийн 2020-2027 оны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. 2020 оноос эхлэн хэрэгжүүлсэн нарийвчилсан төлөвлөгөөг үр дүнтэй ажил болгожээ.


Тухайлбал, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумын ойн сан бүхий газар модны үр түүх байнгын болон түр талбай байгуулах. Ойн нөхөрлөл дундын мод үржүүлгийн газар байгуулах. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх. Байгалийн сэргэн ургалтад туслах, ойжуулах, ойжуулалт хийсэн талбайг хашиж хамгаалан мал бэлчээрлэлтээс тусгаарлах, ойн цэвэрлэгээ зэрэг ажлыг хийгээд байна. 


Түүнчлэн ойн дагалт баялгийг ашиглах, дахин боловсруулах талаар иргэд, нөхөрлөлийн гишүүдэд төслийн дэмжлэгээр үе шаттай сургалтуудыг хийдэг. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөлтэй хамтран ажиллаж, орон нутгийн ТББ, мэргэжилтнүүдийг чадавхжуулах хэд хэдэн ажлыг явуулжээ.

Мөн 3588 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийсэн талаар Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Related news