Дэлхийн ойн өдөрт: Ой модны тухай сонирхолтой баримтууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-03-21 13:05:20

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хуурай газрын гуравны нэг орчмыг эзэлж буй манай гарагийн уушги гэгддэг ойн сан хөмрөгийг хамгаалах зорилгоор 2012 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн ойн өдөр /International Day of Forests/ болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.


Энэ жилийн хувьд тус өдрийг “Ой ба инновац: Илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.


3 дугаар сарын 21 бол ойн сан хөмрөгийн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан таниулах өдөр юм.


38 сая хав.дөр.км талбайг эзлэн орших дэлхийн ойн сан хөмрөг бол бүхэл бүтэн бие даасан ертөнц бөгөөд хуурай газрын амьтад, шавж хорхой, ургамлын 80 хувийг шим тэжээлээрээ тэтгэн амьдруулж байдаг. Ой мод нь экологийн амин чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хүчилтөрөгчийг ялгаруулж, тоос шороог багасгадаг. Мөн манай гарагийн 1,6 тэрбум хүний хувьд хүнс, түлш, байр сууц, эм бэлдмэлийнх нь эх үүсвэр болдог.

Гэтэл хүн төрөлхтөн нийгэм, эдийн засаг, экологийн үнэлж баршгүй ач тустай энэхүү үнэт зүйлдээ хайр найргүй хандаж, жил бүр 13 сая га талбайн ой модыг огтлон сүйтгэж байна. 1990 оноос хойш ой бүхий талбайн хэмжээ 420 сая га-гаар багассан гэх мэдээ бий, гэхдээ ойг огтлон устгах үйл явц удааширсан төдийгүй ойн сан 123 сая га-гаар нэмэгдсэнийг онцлууштай. 


Ойн тухай сонирхолтой баримтууд


  • Өдгөө дэлхийн хуурай газрын 31 хувийг ой мод эзэлж байгаа бөгөөд 200 жилийн өмнө уг хэмжээ 2 дахин их байжээ.
  • Сибирийн тайга бол дэлхий дээрх хамгийн том ой бөгөөд Сибирийн газар нутгийн 2/3 буюу 8 сая хав.дөр.км орчим талбайг эзэлдэг.
  • Дэлхийн ойн сан хөмрөгийн 22 орчим хувь нь Орос улсад байдаг.  
  • Бүх ойн тал орчим хувь тропикийн бүсэд оршдог.
  • Дэлхий даяарх ой модны 7 орчим хувийг хүмүүс тарьж ургуулжээ.
  • Жил бүр 100 сая орчим ширхэг мод устаж үгүй болдог.
  • Жил бүр 3,3 сая га газрын ой мод устан үгүй болж байна.
  • Малайзын ойн бүсүүд бараг бүрэн устан сүйрчээ.
  • Финланд улсын газар нутгийн 70 гаруй хувь нь ойгоор бүрхэгджээ.
  • Ойгоор хамгийн ядуу Европын улс бол Их Британи бөгөөд нийт газар нутгийнх нь 6-хан хувийг эзэлдэг гэвэл хэн хүнгүй гайхах буй заа. 
  • Оросын ой мод 8,09 сая хав.дөр.км талбайг эзэлдэг.
  • Шмидтийн хус бол дэлхий дээрх хамгийн хатуу моддын нэг бөгөөд түүнийг сүхээр цохиж тайрах боломжгүй.
  • Хамгийн өндөр мод бол АНУ-ын Калифорни муж улсад ургадаг секвойя гэдэг мод бөгөөд 115 м өндөр.
  • Хус бол хамгийн өргөн тархсан навчит мод юм.
  • Моднууд бүх л амьдралынхаа туршид ургасаар байдаг.
  • Хамгийн хөгшин мод 2000 настай бөгөөд Литва улсын ойд ургадаг.
  • Ой мод нь шаардлагатай шимт бодисуудынхаа дөнгөж 10 хувийг хөрснөөс, үлдсэнийг нь агаар мандлаас авдаг гэнэ.
  • Дэлхий даяар 1 сая орчим хүн мод боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажилладаг.
  • Зөвхөн цаас үйлдвэрлэхийн тулд дэлхий даяар жил бүр 125 сая ширхэг модыг огтолж байна.
  • А4 хэмжээтэй нэг ширхэг цаас үйлдвэрлэхэд 15-20 гр мод ордог ажээ. Харин дундаж хэмжээтэй нэг номыг хэвлэхэд 5 кг мод шаардлагатай.
  • Өнөө үед нийт цаасны талаас илүү хувийг дахин боловсруулдаг хоёрдогч түүхий эдээс гарган авч байна. 
  • Дахин боловсруулсан 80 кг цаас нь нэг модыг огтлохоос авардаг.
  • Ойд зугаалах үед зүрхний цохилт удааширч, жигд амьсгалдаг.
  • Дэлхийн ой мод жил бүр 2 тэрбум тонн гаруй нүүрсхүчлийн хийг шингээдэг.
  • Өнөө үед хэрэглэж буй эмний 25 хувийг халуун орны ойн ургамлуудаас гаргаж авдаг.
  • Дэлхийн ой модны 54 хувь нь ердөө тавхан улс буюу ОХУ, Бразил, Канад, АНУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрт байдаг ажээ.
  • Онгон ой нь 1 тэрбум 110 сая га талбайг эзлэн оршдогоос 61 хувь нь ердөө гуравхан улс буюу Бразил, Канад, Оросын нутагт байдаг. 
  • Дэлхий даяар 70 мянга орчим төрлийн мод ургадаг.
  • Дэлхий дээр огт ой модгүй гурван улс байдаг нь Бахрейн, Катар, Ливи юм. Харин хамгийн их ой модтой улс бол Суринам бөгөөд нутаг дэвсгэрийнх нь бараг 98 хувь нь ойгоор хучигджээ. 
Related news