БУЛГАН: Хангал сум 2030 он хүртэл 1 243 810 мод тарихаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-03-21 12:19:41

Булган, 2024 оны гуравдугаар сарын 21 МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хангал сумын Засаг дарга М.Төмөрбат, НҮБ-ын санхүүжилттэй "Номгон Форестри" ХХК-тай сумын ойн санг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.


Ингэснээр 2024-2030 онд сумын хэмжээнд 5000 га ойг нөхөн сэргээж ойжуулах юм.


Хангал сум монгол орны төв хэсэгт хангайн уулархаг бүсэд хамаардаг 165,6 мянган га газар нутагтай, түүнээс 100 мянган га орчим нь уулархаг ойн сан юм.


Эрдэнэт хотын их бүтээн байгуулалтад хэрэглээний зориулалтаар мод бэлтгэн нийлүүлэхээр 1973 онд Хялганат мод бэлтгэлийн аж ахуйг байгуулж тасралтгүй олон жил ажилласан, мөн түймэрт удаа дараа өртсөн ойн хуучин зурвасуудаа эрчимтэй нөхөн сэргээж байна.



Хангал суманд мод бэлтгэл, ойн цэвэрлэгээ, үржүүлгийн зургаан аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Мөн Сум дундын ойн анги жил бүр нөхөн сэргээлтийг тасралтгүй хийж, одоогоор 80000 орчим мод тариад байна.


2030 он хүртэл Хангал сум 1 243 810 мод тарихаар төлөвлөжээ.



Related news