ЗАВХАН: Хүүхдүүд харилцан хүндэтгэх тэгш оролцоог бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-19 19:03:57

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд “Харилцан хүндэтгэе” нэг сарын аяныг харилцан хүндэтгэж, тэгш оролцоог хангая уриатайгаар зохион байгуулж байна.


Аянд Завхан аймаг нэгдэж, өсвөр насны охид, хөвгүүдэд жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байх, тэднийг жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх. Цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах, хорт зуршил, электрон тамхидалтаас сэргийлэх. Хүний эрх, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гадуурхалтаас сэргийлэхэд хамтын оролцоог бий болгох нөлөөллийн ажлыг эхлүүллээ. 




Үндэсний хэмжээнд явуулж байгаа “Харилцан хүндэтгэе” нэг сарын аяныг Улиастайд нээж, бүх талын оролцоотой уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.


Үйл ажиллагаанд Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургууль, Политехник коллеж, Монгол Улсын консерваторын харьяа Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн 10-12 дугаар ангийн 350 суралцагч, сургуулийн багш, удирдлагууд оролцов.


Энэ үеэр харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангахын тулд ямар бодлого боловсруулж, бүх талын хамтын оролцоог хангахын тулд хэрхэн ажиллах. Аймгийн хэмжээнд өсвөр насныхны дунд үйлдэгдэж буй гэмт хэрэг, цахим ялгаварлан гадуурхалтын талаарх судалгаа, жендэрийн талаарх илтгэл мэдээллийг холбогдох байгууллагууд өглөө. 


Мөн өсвөр насны хүүхдүүдэд тулгамдсан ямар асуудлууд байдаг, асуудлаас хэрхэн гарах шийдлүүдийн талаар хүүхдүүд нээлттэй ярилцаж, шийдвэр гаргагчдад саналаа хэллээ гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Дээрх үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Хөгжимт жүжгийн театр, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Соёл урлагийн газар, Улиастай сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Үндэсний эрхийн комиссын Завхан аймаг дахь салбар, аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв хамтран зохион байгуулжээ.

Related news