БАЯНХОНГОР: Хот суурингаас алслагдсан бүс нутагт явуулын баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-15 16:14:22

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдийн амны хөндийн үзлэг, сургалт нөлөөллийн ажлыг Швейцар улсын хөрөнгө оруулалттай “Мишээл хүүхдийн сан” Баянхонгор аймгийн гурван суманд зохион байгуулна.


Баг бүрэлдэхүүний энэ оны эхний явуулын шүдний эмчилгээ энэ бөгөөд Баянхонгор сумын Шаргалжуут наймдугаар багаас ажлаа эхлүүллээ. Үзлэг эхэлсэн эхний өдөр 100 гаруй хүүхдэд шүдний үзлэг, эмчилгээ хийжээ.


Амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээг зохистойгоор хүртэх боломжгүй хот суурингаас алслагдсан бүс нутагт тогтмол тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой “Мишээл хүүхдийн сан” Монгол орны алслагдсан хөдөө нутгуудад жилд хамгийн багадаа хоёр удаа шүдний эмчилгээний аян зохион байгуулдаг байна.


Шүдний эмч нарын баг Баянхонгор сумын Шаргалжуут багт гурван өдөр ажиллаж, хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх бөгөөд тус аймгийн Баянбулаг, Заг суманд ажиллана.


"Мишээл хүүхдийн сан" Монголын амьдралын нөхцөл боломж муутай хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой ажилладаг. Үйл ажиллагаагаа 2015 онд эхлүүлсэн Монгол Улсад бүртгэлтэй төрийн бус байгууллага бөгөөд дэмжих нийгэмлэгүүд нь Герман, Швейцарт үйл ажиллагаагаа явуулж тус улсуудад хандивын данс ажиллуулдаг байна.





Related news