ЗАВХАН: Орон нутагт шүдний гажиг заслын эмч дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-14 15:20:15

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетаар 3900 орчим хүүхэд үйлчлүүлжээ.


Сургуулийн өмнөх болон сургуулийн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийн чанар, хүртээмжийг нэмэх. Ялангуяа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны чанар хүртээмжийг нэмэх зорилгоор тус аймгийн шүдний эмнэлгүүдтэй хамтран ажилладаг.


Хүүхдийн шүдний кабинетаар үйлчлүүлсэн нийт үзлэгээс 417 урьдчилан сэргийлэх  үзлэг хийсэн байна. Харин амбулаторийн үзлэг 3890 байна.

2023 оны үзлэгт судалгаа хийхэд хүүхдийн шүдний цоорол, зөөлц, холбоосын үрэвслүүд дийлэнх хувийг эзэлж байна.


Хүүхдийн амны хөндийн үзлэгт 2-12 насны 2717 хүүхдийг хамруулж, 421 хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлсэн. Энэ жил хүүхдийн шүдний урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог мөн тодорхой давтамжтай, шүдний эмнэлэг, кабинет, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран явуулна.   


Ер нь аймгийн хэмжээнд өсвөр насны нийт хүүхдийн 80 гаруй хувь нь шүд цоорох өвчлөлтэй байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс үзлэг оношилгооны давтамжийг нэмэх, эцэг эхчүүд мөн хамтран ажиллах шаадлагатай юм. Өөрөөр хэлбэл 6, 7 настай хүүхдийн шүдийг эрт үзэж, оношилж, зөвлөгөө өгч, эцэг эхчүүдтэй нь хамтарсан үйл ажиллагааг энэ жил дахин явуулна.



Шүдний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо бүхий нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах нь үр дүнтэй байдаг. Хүүхдийг сүүн шүдтэй байх үед нь шүдээ угаах болон арчлах зөв дадалд сургаж, оношлох нь насан туршийн эрүүл шүдтэй байх боломжийг нь өгч буй хэрэг юм.


Өнгөрсөн жилийн үзлэгээр хүүхдүүдийн дунд шүдний цоорол өвчнөөс гадна шүдний гажиг өндөр хувьтай оношлогдож байсан нь харамсалтай юм. Гэтэл Завхан аймагт шүдний эмч байгаа ч гэлээ гажиг заслаар мэргэшсэн эмч дутагдалтай байна.


Тиймээс орон нутагтаа шүдний гажгийг оношилж, эмчлэх боломжоор хангахын тулд шүдний эмч нарыг энэ чиглэлээр мэргэшүүлэх, чадвартай болгох, техник тоног төхөөрөмжөөр хангах шаардлгатай байгаа юм гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн бодлого хариуцсан мэргэжилтэн С.Сарантуяа мэдээлэв.

Related news