ЗАВХАН: Улсын хамгаалалтын зэрэглэлтэй 7 дурсгалтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-12 17:47:37

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зургийг хамгаалалтын зэрэглэлд нэмжээ.


Хоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 12 дурсгалыг “Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д нэмсэн байна. Уг жагсаалтад 197 дурсгал бүртгэлтэй байдаг. 


2008 оны 175 дугаар тогтоолоор улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалын жагсаалтыг шинэчлэн баталснаар, Завхан аймгийн нутаг дэвсгэрт байх түүх, соёлын 6 дурсгалыг улсын хамгаалалтын зэрэглэлд бүртгэжээ.


Харин улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад өнгөрсөн сарын 28-ны өдөр Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зургийг бүртгэснээр тус аймаг улсын хамгаалалтын зэрэглэлтэй 7 дурсгалтай болсон юм.



Шилүүстэй сумын Дааган дэл хэмээх газарт орших 8 ширхэг буган чулуун хөшөө


Тодруулбал, Богдын голын Мөнгөт хясаа нэртэй газарт орших дөрвөн хүний зураг бүхий чулуун хөшөө, Баянтэс сумын хөх хошууны Боомын булшнууд, Цэцэн-Уул сумын Янживын шилд орших хүн чулуун хөшөөнүүд, Шилүүстэй сумын Дааган дэл хэмээх газарт орших 8 ширхэг буган чулуун хөшөө, Яруу сумын Яруугийн голын эрэгт орших хүн чулуун хөшөөнүүд, мөн сумын нутагт орших Хөшөөтийн амны хүн чулуун хөшөө, Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зураг гэсэн 7 дурсгал бүртгэгдлээ.  


Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хамгаалалтад 22 дурсгал байна.



Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зураг


Улсын хамгаалалтад байх дурсгалуудыг холбогдох журмын дагуу эрдэмтэн судлаачид болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн байгууллагаас санал авч, “Аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д орсон дурсгалаас нэр дэвшүүлэн баталсан байна. 

Ер нь дурсгалуудыг улсын болон аймаг, нийслэлийн хамгаалалтад авснаар тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх. Тухайн дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Завхан аймгийн Соёл урлагийн газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Э.Пагмаа мэдээлэв.

Related news