ЗАВХАН: Малчдын мотоциклын хэрэглээ багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-07 16:45:08

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/Завхан аймгийн нийт малчдын нийгэм ахуйн зарим үзүүлэлтийн талаарх хийсэн судалгааг аймгийн Статистикийн газраас танилцууллаа.


Тус аймгийн нийт малчин өрхийн дунд хийсэн судалгаагаар мотоциклтой өрхийн тоо 93.3 мянга болж, өмнөх оноос 1.8 мянгаар буурсан байна.


Мал тооллогын 2023 оны дүнгээр малчин өрхийн 82.8 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 74.9 хувь нь телевизортой байна.

Харин нийт малчин өрхийн 60.0 хувь нь автомашинтай, 49.3 хувь нь мотоциклтой байна. Телевизортой өрхийн тоо 141.7 мянга болж, өмнөх оноос 0.5 мянгаар өссөн бол автомашинтай өрхийн тоо 113.7 мянга болж, өмнөх оноос 5.3 мянгаар тус тус өссөн байна. Цахилгааны эх үүсгүүртэй өрхийн тоо 2023 онд 156.7 мянга болж, өмнөх оноос 0.4 мянгаар буурчээ. 

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклгүй малчин айл бараг байхгүй байсан нь сүүлийн гурван жилийн судалгаанд бий.


Малаа уламжлалт аргаар хариулах, байгаль орчноо хайрлах, эко, хариуцлагатай малчин байх төсөл, хөтөлбөр, мэргэжлийн байгууллагуудын уриалга, аймгийн малчдын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж, мотоциклын хэрэглээгээ багасгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн байгууллагуудын сурталчилгаа мэдээллийн үр дүнд тус аймаг дахь малчдын дунд мотоциклын хэрэглээ багассан гэж үзэж байна.


Харин малчдын нийгэм ахуйн үзүүлэлтээр автомашинтай малчин өрхийн эзлэх хувь өссөн байна. Энэ нь зарим малчдын эдийн засгийн чадавх сайжирсан, ахуйн хэрэгцээ шаардлагаас болж автомашин худалдаж авсан гэсэн малчдын судалгаа байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 


Завхан аймгийн нийт малчдын мотоциклын хэрэглээ багасч, тоо цөөрсөн нь сайшаалтай. Ер нь БНХАУ-д үйлдвэрлэсэн чанар муутай гэхээсээ илүүтэйгээр бидний өөрсдийн мотоциклыг аюулгүй хэрэглэх дадал, зуршил, чадвар муу байгаатай холбоотой осол их гардаг.



Хамгаалалтын малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулиар мөнгөн торгууль ногдуулдаг. Мөн бичиг баримтын зөрчилтэй “А” ангиллын үнэмлэхгүй иргэд замын хөдөлгөөнд оролцох нь элбэг. Энэ тохиолдолд мөн Зөрчлийн тухай хуулиар мөнгөн торгуулийн арга хэмжээ авна. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч мөнгөн торгуулиар торгож байгааг манай иргэд сайн мэднэ гэж аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээлэв. 

Related news