АРХАНГАЙ: Биотехникийн ажилд 28 сая төгрөгийг зарцуулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-04 14:46:15

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн БОАЖГ-аас өнөөдрийг хүртэл нийт 20 удаагийн биотехникийн арга хэмжээг авсан байна. Энэ ажилд задгай 10 тн өвс, 500 боодол өвс, 30 боодол ногоон тэжээл, 300 кг хорголжин тэжээл, 2.2 тн хужир мараа, долооцыг зэрлэг амьтдад тавьж өгсөн байна.


Биотехникийн ажилд тусгай зориулалтын агнуурын дуудлага худалдааны орлогоос 7.4 сая, төсөл хөтөлбөрөөс 12 сая, сумдын Засаг даргын нөөц сангаас 6.2 сая, нөхөрлөлүүдээс 842000, Хангайн нурууны Байгалийн цогцолборт газрын захиргаанаас 1.2 сая, янгир нутагшуулсан төгсөгчид 300000 төгрөг, нийт 28 сая төгрөгийг биотехникийн арга хэмжээнд  зарцуулжээ.


Мөн БОАЖГ-аас аймгийн Онцгой комисст зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ үзүүлэхэд зориулж 680 боодол өвс, 1.8 тн хорголжин тэжээл, 1.7 тн хужир марааг олгох хүсэлтийг хүргүүлээд байна.


Цаашид өөрсдийн нөөц боломжоор Эрдэнэмандал сумын Бөхөн шарын нуруунд нутагшуулсан бугын илийд 30 боодол өвс, Хашаат, Хангай суманд аргальд зориулж биотехникийн арга хэмжээ авахаар 80 боодол өвсийг бэлтгээд байна.


Өнөөдрийн байдлаар халиун бугын хорогдол 7 гарсан байна. Харин аргаль, янгир, бор гөрөөсний хорогдлын талаар одоогоор мэдээлэл байхгүй байна.


Нийт нутгаар цас их орж хунгарлан, мөстөж, бэлчээрээс өвс идэх боломжгүй болж, турж эцсэн уулын туруутан амьтад уулнаас бууж байгааг мэргэжлийн байгууллагаас хэлж байна.

Related news