БАЯНХОНГОР: Ан амьтдын тархац нутгуудад биотехникийн арга хэмжээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-23 12:29:56
Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут, Заг, Жаргалант, Баянхонгор, Бөмбөгөр, Эрдэнэцогт, Өлзийт, Шинэжинст зэрэг сумд өвс тэжээлийн хомсдолд орж болзошгүй ан амьтдын тархац нутгуудад тандалт судалгаа хийж, биотехникийн арга хэмжээ авчээ.

Баянхонгор аймаг нь байгалийн нөөц баялаг ихтэй, тэр дундаа аймгийн хэмжээнд тархан байршдаг нэн ховор болон ховор амьтад болох мазаалай, хавтгай, хулан, аргаль угалз, янгир ямаа, буга согоо, бор гөрөөс, хар сүүлт, цагаан зээр, цоохор ирвэс, шилүүс гэх амьтдын өлгий нутаг юм. Тус амьтдын тархаж нутаг болох дээрх сумдад 1400 боодол өвс, 10 тонн хужир тавьж ан амьтад идэш тэжээлийн хомсдолд орохоос урьдчилан сэргийллээ.

Зун, намартаа хур бороо багатай, өвөл их хэмжээний цас орж зудын байдалтай байгаа хүнд хэцүү цаг үед туруутан амьтад өвс, тэжээлийн хомсдолд орж хорогдол ихээр гарч, тоо толгой цөөрөх эрсдэлд ороод буй. Тиймээс цас зудын хүнд үед өвс, тэжээл тавьж өгөх, шаардлагатай цэгүүдэд биотехникийн арга хэмжээ тогтмол авч байна.

Амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг "биотехникийн арга хэмжээ" гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл цас зуд, ган гачиг, байгалийн онц үзэгдэл гэх мэт бусад шалтгаанаас болж зэрлэг ан амьтан идэш тэжээл, усаар гачигдаж эрсдэлд орсон үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандны мөсийг хагалж ус гаргаж өгөх гэх мэт арга хэмжээ авахыг хэлдэг аж.







Related news