Б.Ууганбаяр: Иргэд сэрэмжлүүлгийг хайхралгүй, өөрсдийгөө эрсдэлд оруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-19 15:24:19

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээг үл хайхарч, замд гарч төөрөх, цасанд боогдох үзэгдэл гаргаж буй тухай Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээллээ.


Тэрбээр “Байгалийн гамшиг үүсэх, их хэмжээний цас орох цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргээд байхад иргэд заавар зөвлөмжийг үл хайхран замд гарч цасан шуурганд боогддог, эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Өнгөрсөн 72 цагийн хугацаанд энэ байдал үргэлжилсэн. Аврах ажиллагаанд багагүй зардал гардаг. Мэргэжлийн байгууллагаас гарах зардлыг тухайн иргэдээс нөхөн төлүүлэх талаар бид өмнө нь судалж байсан ч ажил хэрэг болохгүй өнгөрсөн.


Ер нь мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаагүй тохиолдолд хамгийн наад зах нь нөхөн төлбөрийн асуудлыг хэрхэх талаар хууль тогтоомжид оруулах байдлаар цаашид анхаарах хэрэгтэй байна. Бид тухайн хүний амь нас, хамт яваа үр хүүхдүүдийнх нь төлөө л сэрэмжлүүлдэг. Анхааруулсаар байтал хүүхдээ аваад төөрсөн, цасанд суусан тохиолдол олон гарлаа.


Бусад улсад, жишээ нь Казахстанд цаг агаарын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээ хүргэхэд ард иргэд нь суурин газраа түр зогсдог. Тэгээд цаг агаар хэвийн болсны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлж үйлддэг. Энэ бол маш том хариуцлага, соёл юм. Цаашид энэ тал дээр ард иргэд маань анхаарч, зан байдлын соёлдоо өөрчлөлт оруулах болов уу гэж найдаж байна” гэлээ.

Related news