ДАРХАН-УУЛ: Хүний гавьяат эмч нэгээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-15 16:51:19

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/.  Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн эмч нарын хөдөлмөрийг төр засгаас үнэлэн алдрыг мөнхжүүлж, өргөсөн тангарагтаа эзэн болж буй тэдэнд гавьяат цол олгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог тус шагналын эзэн нэгээр нэмэгджээ.


Монгол түмний уламжлалт сар шинийн баяраар “Нүүдэлчин” эмнэлгийн захирал, сэтгэцийн эмч Буянтын Хишгээ Монгол Улсын “Хүний гавьяат эмч” цолоор шагнуулжээ.


Ингэснээр аймгийн хэмжээнд хүний гавьяат эмч нэгээр нэмэгдэж нийт тав болсон аж.


Б.Хишгээ нь улсад 49 жил ажилласнаас 45 жил нь тасралтгүй эрүүл мэндийн салбарт ажиллажээ. Энэ хугацаанд 260 гаруй мянган иргэнд үзлэг, оношилгоо хийж, 253 мянган өвчтөнд эмчилгээ хийсэн байна.


2012 онд хувийн хэвшлийн “Нүүдэлчин” эмнэлгийг үүсгэн байгуулж таван их эмч, нийт 18 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус эмнэлэг нь Дархан-Уул аймаг төдийгүй хил залгаа аймаг, сумдын иргэдэд арьс, харшил, сэтгэцийн эмгэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, архины хамааралтай хүмүүст эмчилгээ хийдэг аж. Сүүлийн таван жилийн хугацаанд 300 гаруй хүнийг архинаас гаргасан ажээ.


Б.Хишгээ нь төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон салбарын 40 гаруй шагналаар шагнуулсан байна. 


Ташрамд, “Хүний гавьяат эмч” цолоор мэс заслын их эмч Т.Анигар, хүүхдийн их эмч Ч.Цэрэнжав, эх баригч их эмч Д. Дамдин, гэмтлийн их эмч Б.Эрдэнэтулга, Б.Хишгээ нар шагнуулсан бол Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтнаар ЭМГ-ын газрын дарга Б.Батцэнгэл, эм найруулагч Т.Орлом нар шагнуулж байжээ.

 

Related news