ТӨВ: Жонш баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 180 гаруй ажлын байр шинээр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-09 08:11:56

Зуунмод, 2024 хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Баянцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголчех металл” ХХК өнгөрсөн онд 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай Жонш баяжуулах үйлдвэрийг байгуулсан. Энэхүү үйлдвэр нь тус онд 153.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 180 гаруй ажлын байр шинээр бий болгожээ.

Ингэснээр аймгийн аж үйлдвэрийн салбарт 301.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 143.2 (90.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.  


Уг үйлдвэр эрдэс түүхий эдийн нөөцийг хаягдалгүй ашиглах зорилготой бөгөөд жилд дунджаар 150-200 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай аж.


Боловсруулах үйлдвэр үйлдвэрлэлд ашигласан усныхаа 80 гаруй хувийг цэвэршүүлэн дахин ашиглахаас гадна байгальд ямар нэгэн үйлдвэрлэлийн хаягдал гаргахгүй нь хамгийн том давуу тал юм.

Үүнээс гадна үйлдвэрээс гарах хуурай хаягдлыг бусад эрдэстэй хольж, барилгын материал үйлдвэрлэн орон нутгийн хэрэгцээг хангах боломжтой юм. 

 



Related news