Хоёрдугаар сарын сүүлээр ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-02-01 16:25:59

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.


Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.

 Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хонгийн дунд үе, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас агаарын температур 2–3°С–аар хүйтэн. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2–3°С–аар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар ялимгүй цас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсэж цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй гэжээ.


Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас агаарын дундаж температур хүйтэн, хур тунадас ахиу орох төлөв гарчээНэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас 2–5°С–аар хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар ялимгүй цас, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.


Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нугаар олон жилийн дунджаас 2–5°С–аар хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үе, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсэж цасан болон шороон шуурга шуурах төлөв гарчээ.


Говийн аймгуудын нутгаар. Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджын орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2–5°С–аар хүйтэн байна Бусад хугацаанд олон жилийн дунджаас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим хугацаанд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсэж цасан болон шороон шуурга шуурах магадлалтай гэжээ.


Уур амьсгалын тойм

Хоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -22...-28°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар -8...-14°C, бусад нутгаар -14...-22°C хүйтэн байдаг. Гэхдээ 1980, 1981, 1983, 1985, 1986, 1988, 1996, 2000, 2008, 2010, 2012, 2014, 2019 онд ихэнх нутгаар, 1987, 2001, 2013 онд нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас 1–6°С–аар, 1984 онд нутгийн баруун хагаст, 2005 онд нийт нутгаар олон жилийн дунджаас 6–10°С–аар тус тус хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Хөвсгөл, Завханы хойд хэсгээр 47–55°С, бусад нутгаар 38–44°С хүрч хүйтэрсэн байна.

Харин 1979, 1993, 1999, 2004, 2015, 2017, 2020, 2021 онд ихэнх нутгаар, 2002 онд нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас 1–6°С–аар дулаарсан бол 1998, 2007 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 6–10°С–аар дулаарсан. Харин 1981–1983, 1986, 1987, 1992, 1994, 1995, 1997–2001, 2008, 2012 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага цас орсон бол 1988, 1990, 1993, 1996, 2002–2007, 2009–2011, 2013–2020 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3 дахин их цас орсон байна. Олон жилийн дунджаар Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10–18 см, бусад нутгаар 3–8 см зузаан цас тогтдог бөгөөд дээр дурдсан жилүүдэд цасны дундаж зузаан 20–30 см–т хүрч өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрч байжээ

 

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор, олон жилийн дундаж гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.


Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр)


Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.

Related news