Хоёрдугаар сарын сүүлээр цасан болон шороон шуургатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-01-31 09:41:32

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Баян-Өлгий, Ховд, Говь–Алтай аймгийн нутаг, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв, зүүн аймгуудын нутаг, Дорноговь аймгийн хойд, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.


Түүнчлэн, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутаг, Баянхонгор аймгийн хойд, Завхан аймгийн зүүн, Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Ирэх сарын эхээр баруун аймгуудын, сарын дунд үеэр зүүн аймгуудын, сарын сүүлээр нийт нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас мэдээллээ.


Төв, зүүн аймгуудын нутгаар цас нэмэгдэж, салхи шуургатай, өвөлжилт, хаваржилтын хүндхэн болох нөхцөл үүсэж байгаа тул аймаг, сумын Онцгой комисс, малчид иргэд онцгой анхаарч, хариу арга хэмжээ авах, өвс, тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэх шаардлагатай байгаа аж.


Ирэх сарын сүүлээр цасан болон шороон шуургатай тул болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, цаг агаарын мэдээг тухай бүр авч, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлж хэвшихийг анхааруулж байна. 

Related news