СЭЛЭНГЭ: Үүсэж болох нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-25 07:12:23

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Стандарт шаардлага хангахгүй ШТС-ууд болон үүсэж болох нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, арга хэмжээ авч ажиллахтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа.


Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ажлын баг гарч, Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, зөрчил дутагдлыг яаралтай арилгуулахаар боллоо. Стандарт шаардлага хангаагүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллах аж.


Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс нэн тэргүүнд Сүхбаатар сумын төвд сургууль, цэцэрлэгийн орчинд байрлаж буй ШТС-ыг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсээд байгааг онцоллоо.


Тэрбээр тухайн аж ахуйн нэгжтэй холбогдон ямар гарц гаргалгаа байгааг судлан ажиллахыг албаны хүмүүст үүрэг болголоо.


Тус аймгийн хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллагын 79 ШТС үйл ажиллагаа явуулж байна.


Шатахуун түгээх станц нь ямар нэг объектоос дор хаяж 500 метр хол байх бөгөөд сургууль, цэцэрлэгийн байгууламжаас үүнээс ч хол байх ёстой юм байна.


Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод сургууль, цэцэрлэгийн орчимд зохих стандартыг хангаагүй, 100 метрээс дотогш байрлан үйл ажиллагаа явуулж байгаа Шунхлай, МТ зэрэг ШТС-ууд байгаа юм.   

 

Related news