АРХАНГАЙ: “Winterland-2024” фестиваль эхэллээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2024-01-12 17:46:46

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗДТГ-аас БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тамирын жавар” мөсний баярыг энэ жилээс Winterland ice festival болгон өргөжүүлэн зохион байгуулж байна.


Гурван өдрийн турш Архангай аймгийн аялал жуулчлалын холбоо, ARA комплекстэй хамтран монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулалыг хөгжүүлэх, орон нутгаа сурталчилах зорилготой ажиллана.


Эл өдөр үүлэрхэг, салхитай хэдий ч дулаахан байлаа. Өвсөн хүрээлэнд ороход хоймор талд нь нутгийн иргэдийн урласан үндэсний дээл, угалзтай монгол гутал, малгай, шанх, бүс, эмээл, суран эдлэл, цагаан идээ зэргийг дэлгэжээ.

Бүр халуун бөөн /хайлмаг/, шар тостой аяга монгол хорзний цуглуулга 5000 төгрөгөөр худалдаалж буй нь ирсэн гийчдийн сэтгэлийг бүлээцүүлэхээр байв.


Үргэлжлүүлээд билэгт гөрөөс, цаа буга, цасан гэр, хад өөд цацаж хөлдөөсөн мөсөн хананы дэргэд хүмүүс зургаа татуулах аж. 




Хүүхдүүдээ авч очсон иргэд цасан дээр гулгуулах, машинаар тоглуулахын зэрэгцээ театрын бяцхан тоглолт ч уйдаах зав өгөхгүй. 



“Тамирын жавар” мөсөн шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг мөн өнөөдөр эхлүүллээ.    

Хадсан өвс болон малын тэжээлээр 8000 ам м талбайд барьсан өвсөн хүрээлэнгийн орчинд халуун хоол, ундаар үйлчлэх цэгүүд, дулаацах монгол гэр, өвлийн болон аяллын бараа бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ, автомашины болон автобусны зогсоол, хог хаях цэгийг урьдчилан төлөвлөсөн зураг төслийн дагуу байрлуулж, тохижилт үйлчилгээг ханган ажиллаж байна. Мөн Архангай аймгийн аялал жуулчлалыг сурталчлах мэдээллийн цэгүүд ажиллаж байв.


Аймгийн УЦУОШТ-өөс голын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй буюу энэ сарын 11-ний өглөөний хэмжилтээр Урдтамирын гол захаараа 20-30 см байгаа нь олон жилийн дунджаас 14 см-ээр нимгэн тул мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулан ажиллаж байна.


Маргааш буюу 1-р сарын 12-нд ялимгүй цастай, өдөртөө -16 хэм, 13-нд үүл багасч, -9 хэмийн хүйтэн байх төлөвтэй байна.