Дундговийн Тэвшийн говьд эрчим хүчний станц барих боломж бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЗам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр Мандалговь хотын иргэдтэй уулзлаа. Тэрээр Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулсан юм.
Монгол орны эдийн засгийн нөхцөл байдал тун хүнд байгаагаар түүний яриа эхэлсэн. Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр боловсруулж, хоёр үе шаттай хэрэгжүүлж байгаагийн нэн түрүүнд макро эдийн засаг, төсвөө эрүүлжүүлж, мөнгөний бодлого, ханшийн өсөлтөд анхаарах, хоёрдугаарт дотоодын үйлдвэр үйлчилгээг дэмжиж, үр өгөөж өндөртэй томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол бодлого чиглэж байгаа гэлээ.
Эхний ээлжинд хөрөнгө мөнгө ихээр шаардахгүй ч үр ашигтай байх салбар, тухайлбал мал аж ахуй, газар тариалангийн салбарыг энэ 4 жилд хөгжүүлнэ. “Монгол малчин”, Эрүүл хүнс”, “Атрын 3-р аян”, “Мах сүүний анхдугаар аян” зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулна. Дундговь аймаг мал аж ахуйн салбараа хөгжүүлэхэд ахиц гаргах боломжтой аймаг. Мөн томоохон уул уурхайнуудыг эргэлтэд оруулна. Тухайлбал Таван толгойн 200 гаруй жил ашиглахаар асар том нөөцийг заавал гадаадын хөрөнгө оруулалтаар биш, үндэсний компаниудаа дэмжин хөдөлгөх боломжтой гэсэн байр суурийг Засгийн газар баримталж байгаа гэв.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрчим хүч экспортлох эх үүсвэрийг бий болгохоор тусгасан. Шивээ говь, Дундговь аймгийн Тэвшийн говь зэрэг хүрэн нүүрсний томоохон ордуудыг түшиглэн эрчим хүчний станц барьж, эрчим хүч экспортлодог болно. Тухайлбал, Шивээ говьд 9 мянган мвт- ын хүчин чадалтай станц баривал энэ нь БНХАУ-ын Шандунь мужийг эрчим хүчээр хангах бүрэн боломж бүрдэнэ. Одоогоор Дундговийн Тэвшийн говьд ямар хүчин чадалтай станц барьж хаашаа эрчим хүч экспортлох боломжтой байх вэ гэдэг судалгаа хийгдэж байгаа гэдэг мэдээллийг өгсөн юм.
Дундговь аймгийн төвд шав тавьчихаад байгаа дулааны станцыг хэзээ барьж дуусгах талаар иргэд асуулаа. Үүнд сайд хариулахдаа, АСЕМ-ын үеэр БНСУ-ын ерөнхийлөгчтэй санамж бичиг байгуулсан. Солонгосын хөрөнгө оруулалтаар 10 аймгийн дулааны станцыг барьж дуусгана.Хоёр жил орчим хугацаа шаардагдах байх гэлээ.
Орон сууцны ипотекийн зээлийг яагаад зогсоосон, хүүхдийн мөнгийг хэзээнээс олгох зэргээр цаг үеийн байдлыг иргэд сонирхон асуусан юм. Засгийн газар хөрөнгө мөнгөгүй хүнд байгаа ч хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 гаруй хувьд олгохоор болсон. Эдийн засгийн нөхцөл сайжирсан үед үлдсэн 40 хувьд нөхөн олгохоор зохицуулж байгаа. Ипотекийн зээлийг түр хугацаанд зогсоосон. Цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ингэхдээ ипотекийн нөхцлийг хөнгөвчилж, илүү олон хувилбарт зээлийн нөхцөлийг бий болгон, хямд өртөгтэй орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлого чиглэнэ гэлээ.
Засгийн газар бүрдээд удаагүй, бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлж байгаа ийм үед цаашид ямар үр дүн гарахыг хүлээлгүйгээр Ерөнхий сайдыг огцруулна гэх мэт мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байгааг иргэдийн зүгээс буруушааж, Засгийн газар аль болох тогтвортойгоор ажиллаж, эдийн засгийн хямралын эсрэг далайцтай арга хэмжээ авах, түүний үр дүнг харах хэрэгтэй байгааг илэрхийлж байв.
Зам, тээврийн хөгжлийн сайд уулзалтын төгсгөлд хэлэхдээ, Засгийн газар урьд өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан бодлогыг нэмнэ үү л гэхээс бууруулахгүй. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх тийм нөхцөл байдалд байна. Засгийн газарт хөрөнгө мөнгө алга. Гэхдээ ямар нэг аргаар төсөл хөтөлбөрийг зогсоож болохгүй, үргэлжлүүлэх арга хэмжээ авч байна гэв.
Т. Отгонтуяа