Ихэнх нутгаар энэ сарын 22-ноос хүйтний эрч чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-11-20 16:05:55

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Маргааш өдөр Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно.


Маргааш өдөр говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг малч­ид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.


2023 оны 11 дүгээр сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 22, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31-36 градус, өдөртөө -20-25 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13-18 градус, өдөртөө -3-8 градус, бусад нутгаар шөнөдөө -18-23 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна.

Related news