Ц.Гэрлээ: Монгол Улс ардын урлагаа академик түвшинд хүргэж, тайзны урлаг болтол нь хөгжүүлсэн

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-11-20 14:58:36

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээтэй ярилцлаа. Тэрбээр ХБНГУ-д амьдардаг бөгөөд 2018 оноос Соёлын элчээр ажиллаж байна. Мөн “Mongolian Step” соёл урлагийн агентлагийг Герман улсад үүсгэн байгуулсан. Энэ агентлаг нь Монголын орчин цагийн соёл, урлагийг сурталчлахаас гадна  ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвийг Европын орнуудад сурталчлах, олон нийтэд таниулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм. Ц.Гэрлээ Монгол, Германы соёлын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, ирээдүйн боловсон хүчнийг чадавхжуулах, Монгол Улсаа сурталчлан таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвхтэй зүтгэдэг нэгэн.

 

-Та ямар ажлаар энэ зун Монголдоо ирээд буцав?

-Энэ зун би хэд хэдэн сайхан ажлаар Монголд очсон. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үйл ажиллагаанд оролцлоо. Соёлын элчийн хувьд түүхэн энэ уулзалтыг дэмжиж, уулзалтад зориулсан бэсрэг наадамд СУИС-ийн Бүжгийн сургуулийн захирал Д.Баярбаатар болон түүний шавь нарын хамт монгол ардын бий биелгээг танилцуулж оролцсон юм.


Дараа нь Германы бүжиг дэглээч, найруулагч Хелена Валдманныг Монголд уран бүтээл хийх санал тавьсны дагуу бүжгийн сэтгүүлч Арнд Веземаны хамт Монголд ирж хөдөө нутгаар аялан, соёл урлагтай танилцан судалгааны ажил хийлээ. Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хийх ажлаа зөвлөлдлөө. Наадмын үеэр очсон болохоор бас сайхан наадаж амжсан.

 

-Гадны улсад Монголынхоо соёлын  элч төлөөлөгч болон сууна гэдэг өндөр үүрэг хариуцлага. Мөн гаднаас эх орныхоо үнэт өв соёлыг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд яг юу хэрэгтэй байгааг харахад илүү дөхөм байдаг байх. Та ХБНГУ-д амьдардаг, тэнд Монгол Улсын Соёлын элч гэдэг нэр хүндтэй үүрэг хүлээж байгаа хүний хувьд тухайн улсын соёлын бодлого хааш чиглэж байгааг маш анхааралтайгаар харж байдаг байх. Монголд тэндээс авах зүйл юу байна?

-Миний хувьд анх ХБНГУ-д аялан тоглолтоор ирснээс хойш Германд 30 жил амьдарч байна. Нью-Иорк, Парис зэрэг дэлхийн том том метрополитан хотуудад ч амьдарч байв. Энэ хугацаандаа би Монголын соёл урлагийн салбар маш их нөөц бололцоотой, баялаг өв соёлтой гэдгийг алхам тутамдаа батлан ярьж, таниулахыг хичээж ирсэн. Байгалиараа байгаа алмаз эрдэнийн чулуу мэт энэ соёлоо өнгөлж үнэ цэнэ оруулахын тулд бид өөрсдөө маш нээлттэй, идэвхтэй санаачилгатай байх хэрэгтэй юм. Газар зүйн байршлын хувьд ч биднээс асар их санаачилга, хүчин чармайлт шаардагдана. Дэлхий хаашаа яваад байгаа юм, энэ дэлхийн хүмүүс юу хүсээд байгаа юм, бид юугаараа дэлхийд гарах юм гэдгийг гадны уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж, гадаад харилцаагаа хөгжүүлж, гадагш харж судалж байж л мэднэ. Соёл урлагийн салбарын өрсөлдөх чадвар дээшлэхэд, хөгжиж дэвшихэд олон улсын хамтын ажиллагаагаа идэвхитэй байлгах нь нэн чухал юм. Гадаадад байгаа над шиг хүмүүсийнхээ, салбарынхныхаа туршлага, идэвх санаачилгыг Монгол талаасаа дэмжээд хамтраад ажиллавал давуу тал их бий. Үүнд Соёлын яам болон соёл урлагийн байгууллагуудын удирдлага, менежментийн үүрэг их чухал.


ХБНГУ-ын хувьд одоо ковид, дайнаас үүдэн нийгэм, эдийн засгийн байдал нэлээд сорилт ихтэй үе явж байна. Даяаршлаас илүү дангааршил буюу өөр дээрээ төвлөрч буй хандлага ажиглагдаж байгаа. Түүнчлэн салбар бүрд хэмнэлт явагдаж, олон улсын төслүүдийн санхүүжилтийн дэмжлэг багасч байна. Театрууд байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй ажиллах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Тийм ч учраас байгаль орчин, уур амьсгалд ээлтэй, нийгэмд үлгэр дуурайлал болох төслүүдэд санхүүжилтийн дэмжлэг илүү олгох боллоо. Жишээ нь онгоцоор биш галт тэргээр явахыг хичээх, онлайнаар ажиллах гэх мэт өөрчлөлтүүд бий болоод эхэлчихсэн. Эдгээр өөрчлөлтүүд зөв хэдий ч Монгол, Германы хоорондох соёл урлагийн төсөлд дэмжлэг олоход хүндрэлтэй болж байна. Өөрсдөө асуудалтай тул юун манайх руу зүглэх, биднийг бодох манатай л байна. Тэгэхээр хоёр орны Засгийн газар хамтын ажиллагаан дээрээ онцгой анхаарч, ялангуяа соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлээсэй гэж хүсэж байна.

 

-Та Германд олон жил амьдарч байгаа, олон жилийн турш тоглолт хийж явсан хүний хувьд гадныхан манай урлагийг хэрхэн хүлээж авдаг хийгээд бид урлагаа ямар байдлаар хүргэх нь оновчтой вэ гэдгийг ажиглаж харж явдаг байх?

-Монголын урлагийн тоглолтыг гадныхан эерэг сайхан хүлээж авдаг. Европт хүмүүсийн хөгжмийн боловсрол өндөр тул манай хөгжимчдийн авьяас чадварыг үнэлдэг. Харин бид хаана, ямар түвшинд, хэнд тоглохоос шалтгаалаад хэлбэр, агуулга дээр анхаарч ажилламаар байгаа юм. Худалдааны маркетингаар бол дэлгүүрийн нэг тавиур дээр гурваас дээш төрлийн бараа, эсвэл тийм тооны өнгийн бараа тавихгүй байхыг зөвлөдөг. Учир нь хүн нэг дор олон төрлийн барааг зэрэг харахаар сонголт хийж чаддаггүй, худалдаж авахгүй байх магадлал өндөр гэж судалгаагаар тогтоожээ. Түүнтэй адил олон янзын урлагийн тоглолт нэг дор үзүүлэх тусам гадаад үзэгчид шингээж чадахгүй, таашааж амжихгүй байх явдал гардаг байх нь. Бид өөрсдөө үзэхээр хийморь сэргэж, сэтгэл хөөрч  сайхан байдаг ч гадныханд нээрээ л огт танихгүй, хэзээ ч үзэж байгаагүй урлагийг нэг дор бөөндөөд үзүүлчихвэл чухам юу үлдэх билээ.


Түүнчлэн бид урлагаа маш сайн, сайхан тайлбарлаж хөтлөх хэрэгтэй юм. Үүнд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа явдал манайд ч, гадаадад ч ажиглагдсан.  Зүгээр л  “Манай урлаг гоё” гээд давтаад байх нь мэдээлэл биш. Гоё байна уу, үгүй юу гэдгийг үзэгч өөрөө үзээд шүүчихнэ. Харин онцгой түүхийг нь, хаана ч байхгүй онцлог шинж чанарыг нь тайлбарлаж хүргэх ёстой юм. Монголын хөгжмийг сайн мэддэг гадны нэг мэргэжилтний хөтлөлтийг нэг удаа сонсож, үзэгчдийг хэрхэн “Монголд дурлуулж” байхыг харснаас хойш энэ олон жил болоход түүн шиг гайхалтай ярьдаг хүн одоо ч тааралдаагүй л байна. Яг тэгж хөтлөхийн тулд хэлний чадвараас гадна өргөн мэдлэг, ярих чадвар хэрэгтэй болохоор амар биш л дээ. Ерөөс өнөөдөр “Storytelling” буюу хүний сонирхлыг татахуйц түүх өгүүлэхгүйгээр ямар ч бизнес явахаа больсон. Яагаад гэвэл олон сонголт дунд анхдагч хэрэгцээгээ аль хэдийн хангасан хүмүүс онцгой зүйл, үнэ цэнийг хүсдэг болсон. Урлагт ч мөн адил. Дэлхийгээр дүүрэн гайхамшигтай соёл урлагтай улс орнууд байна шүү дээ. Тэгэхээр төрөлжсөн болон агуулга дээр төвлөрсөн урлагийн тоглолт хүний сонирхлыг илүү татах юм. Энэ нь жуулчдад зориулсан урлагийн хөтөлбөрт ч маш их хамаатай. Жуулчдыг хөдөөгүүр дагуулж явахад орон нутгийн онцлогийг харуулсан соёлын хөтөлбөр дутмаг л санагдаад байгаа юм. Үндэсний урлагийн театрын тоглолтод “Жалам хар” бүжгийн хөгжмийг сонссон жуулчин “Энэ нөгөө хөдөө сонссон ая дахиад явж байна. Одоо гурав дахь удаагаа сонсож байна” гэж гайхчихсан хэлж байсан.


-Гадны үзэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлж соёл урлагийн тоглолтууд хийх бололцоо манай үндэсний урлагт маш өргөн байгаа даа?

-Манай Үндэсний урлагийн театрын, эсвэл Морин хуурын чуулгын тоглолт дэлхийн ямар ч нэр хүндтэй тайзан дээр үзэгчдийг бишрүүлэх чадамжтай. Монголын сонгодог урлаг ч маш их потенциалтай. Уран бүтээлчид нь их авьяастай. Гадны театр, чуулгад Монголын дуурийн дуучид, балетийн гоцлооч нар аль хэдийн гэрээ хийгээд тоглоод амжилттай явж байна. Европт сонгодог урлаг өндөр хөгжсөн учраас үзэгчдэд танил, хүлээн авахад хүртэл хялбар байдаг. Гадны найруулагч, бүжиг дэглээч нарын бүтээлийн эрхийг авч тоглолт хийх боломжтой. Гол нь эртнээс маш сайн төлөвлөж байж амжилттай болно.


Намайг анх ирсэнтэй харьцуулахад Германд одоо маш олон үндэстэн амьдардаг болжээ. Тэр чинээгээрээ урлаг улам олон төрөл, улам баялаг болж, үзэгчдийн сэтгэлгээ ч өөрчлөгдөж байна. Иймээс театрууд илүү нээлттэй болох цаг үеийн шаардлага бий болсон.  Германд Хятадын үндэсний найрал хөгжим аялан тоглолт хийдэг. Мөн Солонгос, Япончууд ч бас урлагаа сурталчлах тоглолтууд хийж байна. Манай Монгол ч томоохон хэмжээний аялан тоглолт зохион байгуулах бүрэн боломжтой.


-Соёл урлагтай хэзээ яаж холбогдсон болон Герман улсад яагаад ажиллаж амьдрах болсон тухайгаа яриач?

-Би багаасаа бүжигт дуртай хүүхэд байсан. Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн ангид сурч онц төгсөөд сургуульдаа багшаар хуваарилагдсан боловч төд удалгүй УАДБЧ-д бүжигчнээр ажиллахаар болсон. Яг тэр үед ардчилсан хувьсгал гарч, нийгмийн шилжилт явагдаж хямарсан, театр үзэгчгүй, ганзагын наймаа зэргээр амь амьдралаа залгуулдаг хүнд цаг ирсэн. Хятад руу нэг сарын турш “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтоор явж ирсний дараахан 1994 онд “Алтан оргил” ардын урлагийн хамтлагтай Герман руу явах боломж олдсон юм. Сурч, өөрийгөө хөгжүүлээд Монголдоо, соёл урлагийн салбараа хөгжүүлэхэд нэмэр болъё гэсэн том мөрөөдөлтэй очиж байлаа. Германыг бүтэн тойрч цаашлаад Европын хотуудаар аялан тоглосон. Тэр үеэс дэлхийн олон орноор Монголынхоо соёл урлагийг сурталчлах ажлаа эхлүүлсэн. Яваандаа тоглохоос гадна тоглолт зохион байгуулдаг боллоо. Ингээд хэсэг ажилласныхаа дараа Берлинд маркетингаар суралцаж худалдааны байгууллагад нэлээд хэдэн жил ажилласан маань одоогийн ажилд маань их хэрэг болдог. Энэ хугацаанд нөхөртэйгөө танилцан хамтын амьдралаа үүсгэснээр Германд амьдрах болсон.


-Соёл урлагийн чиглэлээр агентлаг байгуулсан нь таны чин хүсэл эрмэлзэлтэй холбоотой нь мэдээж. Соёлын элчийн хувьд, бас өөрийн гэсэн агентлаг байгуулаад ажиллаж байгаа хүний хувьд хийсэн ажил, цаашдын зорилго төлөвлөгөө их л байх?

-Монгол соёлоо, Монголын урлагаа гадаадад таниулахад нь нэмэр болох юмсан, Монгол, Герман хоёрын хооронд  соёлын гүүр байх юмсан, шинэ цагийн Монголыг гадныханд таниулах юмсан гэсэн хүслээр агентлаг байгуулсан. Монголынхоо соёл урлагийг таниулан сурталчлах ажил маань алхам алхмаар урагшлахыг бэлгэдэж агентлагаа “Mongolian step” гэж нэрлэсэн. Монголоо төлөөлж байгаа учраас өөртөө өндөр шаардлага тавьдаг. Хийж буй ажил бүхэн маань чанартай байхын төлөө хичээж ажиллаж байна. Маш их цаг зарцуулсан ажил маань бүтэлгүйтэх үе ч бий. Ерөөс соёл урлагийн ажил их төвөгтэй, тэр дундаа хилийн дээс дамнаж энэ ажлыг хийнэ гэдэг бүр ч ярвигтай. Монголд хүмүүс их амархан юм бодож өндөр хүлээлттэй байхад Германд Монголыг тоохгүй байх явдал ч гарах. Гэхдээ уйгагүй зүтгэхэд амжилт бас гарна. Хэдийгээр ковид цар тахал гарч ажил хэсэг хугацаанд зогссон ч эргээд харахад бас нэлээд ажил хийсэн байна. Европын болон Герман Францын телевизүүдэд Монголын баримтат кино борлуулахад анхдагч гэсэн тодотголтой ажил хийж чадсан байна. СУИС-ийн багш, оюутнуудын судалгаанд суурилж бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг Парист тоглуулах, Монголын бүжгийн олон улсын онлайн хурал зохион байгуулах, соёлын аялал жуулчлал зохион байгуулах, Берлиний соёл урлаг шинжлэх ухааны нэр хүндтэй байгууллага болох Humboldt Forum-д  Монголын хөгжмийн тухай илтгэл тавих зэргээр ер зүгээр суусангүй. Соёл урлагийн чиглэлийн төрөл бүрийн л тоглолт зохион байгуулж ирлээ дээ.


Өдийг хүртэл цуглуулсан туршлагаа би цаашид ч залуучууддаа хуваалцах, тэднийг дэмжих ажлууд хийнэ. Мөн соёл урлагаа соёлын аялал жуулчлалтай нь хамт авч явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Монголтойгоо үргэлж холбоотой байх нь надад их сайхан байдаг. Тийм ч учраас би Соёлын элч гэдэг энэ эрхэм үүргийг маш аз жаргалтайгаар хүлээдэг.

 

-Агентлаг байгуулах ажлаа анх яаж эхлүүлсэн юм бэ?

-Нөхөр маань Нью-Йорк, Парис хот руу дипломат шугамаар томилогдоод явах бүрд тухайн улсын соёл урлагтай танилцах маш сайхан боломж олдсон. Тэр бүрт ихийг ажиглаж, сурч, мэдэж аваад явдаг боллоо. Энэ хугацаанд Нью-Йорк хотын International center ТББ-д гишүүн болж хоёр жил ажилласан. Германд буцаж ирсний дараахан нөхөр маань надад санаа өгч, урам зориг нэмсэн учраас Монголын соёл урлагийн агентлаг байгуулъя гэж шийдсэн. Яг тэр үед Франкфуртад бизнес эрхлэх хүсэл сонирхолтой эмэгтэйчүүдэд чиглэсэн Германы Засгийн газар, Гэр бүл, ахмад настан, залуучуудын яамны нэг төсөл хэрэгжих талаарх мэдээллийг найз бүсгүйгээсээ олж мэдээд агентлаг байгуулах төслөө явуулсан юм. Ингээд төсөл маань шалгарч, Берлинд яаман дээр уригдаж илтгэл тавьж байлаа. Яагаад агентлагаа байгуулах болсон тухайгаа л чин сэтгэлээсээ ярьсан. Гэтэл намайг илтгэлээ тавьж дуусахад тэнд байсан хүмүүс цөм босож алга ташин хүндэтгэл үзүүлж, маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан юм. Тэгээд бас, “Монгол руу явмаар байна, Та Монгол руу аялал зохион байгуулах уу” гэж асууж байв. Тэндээс би маш их урам зориг, итгэл олж авсан. Эндээс би, аливаа зүйлийг чин сэтгэлээсээ, чин үнэнээсээ ярих ямар чухал гэдгийг ойлгосон.

 

-Германы томоохон балетын театрыг Монголд авчрах сураг байна?

-Монголын Урлагийн Зөвлөл контемпорари бүжгийн наадмыг хоёр жилд нэг удаа хийдэг. Монголд контемпорари бүжгийг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилготой. “Motion Mongolia” контемпорари бүжгийн наадмын талаарх мэдээллийг анх олж хараад би их олзуурхаж байсан. Бүжгийн урлагийг хөгжүүлэхэд энэ наадам эерэг нөлөө үзүүлнэ. Бүжгийн урлаг сонирхогчдод чанартай урлагийн наадам үзэх сайхан боломж энэ. Монголд сонгодог болон контемпорари бүжгийн тоглолт үзэх сонирхолтой жуулчдын сонирхлыг “Motion Mongolia” бүжгийн наадам гарцаагүй татна.


Монгол, Герман хоёр улс олон жилийн идэвхтэй харилцаатай. Монголтой олон жилийн харилцаатай, Монголд хайртай германчууд байсаар байгаад их талархдаг. Гэсэн хэдий ч Монголыг мэдэхгүй хүмүүс олон. Монголд очсон жуулчдын статистик харахад Германаас энэ зун маш бага жуулчин аялсан байна. Монголын Засгийн газар үүн дээр нэлээд анхаарч ажиллавал боломж бол их бий. Сурталчилгаа сайн хийх хэрэгтэй.


Бид дараа жилийн наадамд ХБНГУ-ын Хессэн мужийн балетын театрыг урьж тоглуулахаар бэлдэж байна. Герман, Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж анх удаа Германы балетын театрыг авчрах юм. Монголын бүжгийн урлаг болон бүжгийн урлаг сонирхогчдод ч энэ бол онцгой үйл явдал гэж хэлж болно.


МОНГОЛЫН АРДЫН УРЛАГ АРД ТҮМНИЙХЭЭ ДУНД ИДЭВХТЭЙ ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙДАГ АМЬД УРЛАГ 


-Монголын соёл урлагийн салбарыг хөгжүүлж авч явах уран бүтээлчдийг бэлдэж өгдөг СУИС-тай, бас бүжиг дэглээч Баярбаатар зэрэг бүжгийн урлагийнхантай та нэлээд холбоотой ажилладаг юм шиг санагдсан. Монгол соёлыг түгээн дэлгэрүүлэхэд мэргэжлийн түвшинд хамтарч ажиллахад урамтай байх?

-Бүжгийн урлагийн сургуулийн захирал Баярбаатар өөрөө бүжгийн урлагийн мэргэжлийн хүн. Энэ урлагийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг хүсэл эрмэлзэл нэгтэй учир бид ойлголцож хамтран ажиллахад хялбар байдаг. Ерөөс соёл урлагт олон улсын хамтын ажиллагаа маш чухал. Гадныхны соёл урлагаа хөгжүүлж байгаа бодлого туршлагыг судлах зарчмыг СУИС чамгүй сайн баримталж байна уу даа гэж харагддаг шүү.


Дэлхийд өнөөдөр үндэсний бүжгээ хадгалж үлдсэн улс орон тийм олон биш шүү. Манайх тэр цөөн улсын нэг. Монгол ардын бүжиг, бий биелгээ гэдэг соёлын маш том биет бус өв бидэнд байна. Би өөрөө бүжгийн урлагийн хүн учраас бүжиг надад хамгийн ойрхон урлаг. Монголынхоо бүжгийн урлагийн салбарыг хөгжүүлэхэд, гадаад харилцааг нь өргөжүүлэхэд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулах нь миний үүрэг гэж би өөртөө хэлж, түүндээ үнэмшиж явдаг хүн. Тийм ч учраас СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль хамтарч ажиллах хүсэлт ирүүлэхэд хүлээж аваад хамтарч ажиллаж байна. Энэ хүмүүс бол манай бүжгийн урлагийн ирээдүйг бэлдэж байгаа, маш сайн бүжгийн жүжигчид бэлдэж гаргаж байна. Манай залуучууд ч авьяастай мундаг. Тэднийгээ би чадлаараа дэмжиж, хэрэгтэй мэдээллийг нь ч болтугай олоод дамжуулчих юмсан гэж хичээдэг.

 

-Монголчууд ардын урлагаа, энэ их өв соёлоо өдий зэрэгт авч яваа нь бидний нэг бахархал юм даа.

-Тийм шүү. Энэ бидний бахархах зүйл мөнөөс мөн. Монголын соёл урлаг бол маш их нөөц бололцоотой. Монгол ардын урлаг өөрөө их онцлогтой. Монголын ардын урлаг бол ард түмнийхээ дунд идэвхтэй хэрэглэгдэж байдаг амьд урлаг. Мөн манайх урлагийн их сургууль, консерватори үүсгэн байгуулж өндөр түвшний хөгжимчин, бүжигчид, мэргэжилтнүүдийг бэлтгэж, ардын урлагаа академик түвшинд хүргэсэн, тайзны урлаг болгож хөгжүүлсэн улс. Үндэсний урлагийн их театр үүсч тэнд нь хамгийн шилдэг уран бүтээлчид ажиллаж байна. Би тэр театрын нэг гишүүн нь байсандаа баяртай байдаг. Монгол ардын уртын дуу, хөөмий, морин хуурын аялгуу, бий биелгээ нь нэг тийм сүнслэг чанар агуулдаг. Тэр мөн чанарыг “Хү” хамтлаг уран бүтээлээрээ хамгийн сайн илэрхийлж чаддаг тул дэлхийн рок хөгжмийн ертөнцөд амжилттай яваа гэж би боддог.


-Урлагийн төрлүүдээсээ хаана хэнд, аль улсад юуг нь үзүүлэх вэ гэдэг дээр бас бодлого, төлөвлөгөөтэй хандах нь чухал юм шиг?

-Орон орны соёл өөр, сонирхол янз бүр учраас тухайн улсын онцлогт тааруулж төлөвлөх хэрэгтэй. Тухайн улсын соёлын бодлого, соёлын онцлог, хүмүүсийнх нь сонирхол, давуу тал зэргийг харгалзан үзэж тодорхой зорилготойгоор  тухай тухайн улсад таарах хөтөлбөрийг төлөвлөвөл үр дүнтэй. Улс орон бүрт тохирсон хөтөлбөр хийх хэрэгтэй л гэсэн үг. Жишээ нь, Япончууд Германы сонгодог хөгжмийг сонсох дуртай. Берлиний филармони л гэхэд Японд маш олон шүтэн бишрэгчтэй, онлайн стрийминг тоглолтыг нь тэндээс маш олон хүн үздэг. Тиймээс Berliner Fhilmarmoniker, Gewandhausorchester зэрэг нэртэй оркеструуд Японд айлчлан тоглодог. Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ онд Канад руу айлчлахад Штутгарт хотын Eric Gauthier-ийн балетийн компани дагалдаж явсан. Бүжиг дэглээч Eric Gauthier Канад гаралтай Германд амьдардаг бүжиг дэглээч юм. Сонирхолтой байгаа биз?


-Монголыг сурталчлах гол арга хэрэгсэл нь монгол урлаг, монгол соёл. Гэхдээ зөвхөн урлаг соёлын арга хэмжээнүүддээ бүх анхаарлаа тавиад бусад асуудлаа орхигдуулж болохгүй нь мэдээж. Бодлогын болон бусад олон асуудал бидэнд байдаг. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Миний хувьд аль болох эрэл хайгуул хийхийг хичээдэг. Нэг хэлбэртээ баригдаад, нэг стандарт тогтоочихоод түүндээ захирагдах бус, байнга хөгжиж байх ёстой гэж үздэг. Нэг л зүйлийг ямар нэг их үр дүн байхгүй байхад олон жил давтан хийх утгагүй. Тэр ч утгаараа Засгийн газраас зарласан “Welcome to Mongolia” уриан дор шинэ соргог арга хэмжээнүүд хийх боломж их байгаа санагдсан. Нэг анхаарах зүйл бол Монголд зохион байгуулагддаг соёл урлагийн хөтөлбөрүүд аль болох эрт гарч, тогтмол үйл ажиллагаатай байж чаддаг байх хэрэгтэй. Манай аялал жуулчлалын компаниуд чадахаараа сайн ажилладаг ч Монголд болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр нь тодорхой биш байдаг том бэрхшээл бий. Тийм учраас би өөрөө хөтөлбөрөө гаргаж, соёл урлагийн арга хэмжээгээ өөрөө зохион байгуулаад явдаг юм. Ингэхээр маш их ажил ордог. Жуулчид 2,3 жилийн өмнөөс аялах төлөвлөгөө гаргадаг учраас чанартай, олон жуулчин авъя гэвэл болох үйл явдлынхаа хөтөлбөрийг яг таг тодорхой болгож, үүндээ ач холбогдол өгөх хэрэгтэй. Бас ариун цэврийн байгууламжийн асуудал гэх мэт өрсдөөс шалтгаалах зүйлсээ засаж сайжруулаад явбал жуулчид тэр хэмжээгээр л нэмэгдэнэ.


-Монголын соёлыг сонирхоод зорьж ирдэг жуулчдыг илүү олон болгоход Соёлын элч нарын үүрэг оролцоо их чухал байдаг болов уу? Соёлын элч нар ер нь хэрхэн ажилладаг байх ёстой юм бол?

-Соёлын элч нар янз бүрийн салбарын хүмүүс байдаг учраас тэднийг бүгдийг нь төлөөлж ярих боломжгүй. Миний хувьд урлагийн мененжерийн санал санаачилга гаргах, мэдээ, мэдээлэл дамжуулах, санаа оноонуудыг холбох, зохион байгуулах гэх мэтэд илүү төвлөрдөг. Жуулчдыг татах олон арга бий. Тэр бүх аргад алхам алхмаар суралцаад явах нь соёлын элч хүний нэгэн том давуу тал болно. Тухайн суугаа улсынхаа үндэстний соёлыг сурах судлах, зорилтот бүлгээ олох, ард түмнийх нь онцлогийг мэдэрдэг болох, ямар маркетингийг хаана хийвэл илүү үр дүнтэй байх зэргийг мэддэг болчихвол их сайн. Үүнийг тухайн улсад олон жил тэр нийгэмдээ орж идэвхтэй амьдрал өрнүүлж байж гүнзгий мэднэ. Хүн ямар хүрээлэл дотор байгаа нь бас нөлөөлөх юм билээ. Азаар надад энэ бүх давуу талууд байгаад байгаа юм. Соёлын бодлогод хэрэг болох хэмжээний ноу хауг маань бодлого гаргагчид ашиглаад хамтраад ажиллах бүрэн боломжтой. Соёлын аялал гэх мэт үнэтэй аялал хийдэг жуулчид бол цахим сурталчилгаа, сошиал контент үзээд шуураад дагаад гүйдэггүй, заавал нүүр нүүрээ харж уулзаж, асууж судалж байж аялдаг тийм бүлгийн хүмүүс байдаг. Тиймээс жуулчдад зориулсан мэдээлэл түгээх эвентүүдийг тухайн улс оронд нь зохион байгуулбал үр дүнтэй. Үүнд соёлын элчийн зүгээс идэвхтэй дэмжээд оролцох бүрэн боломжтой.


-Гадаадад Монголынхоо соёлыг, урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулаад явдаг хүмүүс цөөнгүй. Тэдний нэг нь Европт алдаршсан морин хуурч Д.Энхжаргал. Ийм хүмүүсээрээ дамжуулан Монголын урлаг соёлыг дэлхийд таниулсаар байх арга бас бидэнд байна, тийм үү?

-Морин хуурч, хөөмийч Д.Энхжаргал бол өмнө миний ярьсан анх “Алтан оргил” хамтлагтай хамт Герман руу хамт ирсэн залуусын нэг. Алдарт морин хуурч Жамьяны шавь. Гадаадад байгаа ардын урлагийг түгээх сурталчлах үйлсэд хамгийн их амжилт гаргаж байгаа хүн. Гучин жил тасралтгүй дэлхий даяар тоглож явна. Уран бүтээлчийнхээ хувьд ч их хөгжиж чадсан, World music хөгжмийн жанруудаар аль хэзээний алдаршчихсан, энэ хөгжмийн урсгалын ертөнцдөө өөрийнхөө хүрээллийг бий болгочихсон инфлүүнср. Олон орны хөгжимчид, дуучидтай хамтран ажилладаг, жилийн ихэнх хоногт нь тоглолттой, маш завгүй ажилладаг. Франц, Герман төдийгүй Европт өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болчихсон хүн. Германд Энхжаргал ганцаарчилсан тоглолт хийхэд түүнийг үзэх гэж багадаа л тав зургаан зуун герман ирдэг. World music хөгжмийн фестивалиуд дээр түүнээс ч олон хүн үздэг. Энэ бол түүний олон жилийн уйгагүй хөдөлмөр. Монголыг маш томоор сурталчилж байгаа явдал мөн шүү дээ. Түүний олж авсан энэ их нэр хүндийг Монгол улс ашиглах юм бол боломж байна.

Францад 10 жилийн өмнө нэг хөгжмийн наадам дээрх тоглолт дээр францчууд хоорондоо, “Нөгөө яриад байсан Монголын морин хуурч чинь энэ шүү дээ” гэж ярьж байхыг би сонсож байв. Гоё биз? Тэр чимээгүй ажлаа л хийгээд явдаг учраас Монголд түүнийг мэддэг хүн тун цөөн юм даа. Д.Энхжаргал германчуудад анх морин хуур заасан хүн гэж хэлж болно. Түүний шавь нар олон болсоор одоо бараг оркестрын хэмжээнд хүрсэн. Одоо ч сайн дураараа цугларч морин хуур тоглодог герман, францчууд нэмэгдсээр л байна. Ингэж Энхжаргал гэдэг хүний шууд ба шууд бус нөлөөгөөр манай соёл урлагийг сонирхон судалж, хөгжмийг нь тоглож байгаа нь үнэхээр сайхан хэрэг шүү дээ. Манай Монголын морин хуурчид гадаадад шавь нартай болж байгаа жишээ одоо улам олон болсон. Гадаадад морин хуурын тэмцээн хүртэл зохиогдож байна. Тэд хэдийгээр сонирхогчийн түвшинд тоглож байгаа ч тэдэнд анхаарал тавих хэрэгтэй. Нэг сонин зүйл анзаарагдсан нь, германчууд тэмцээн уралдаанд орох тун дургүй юм байна. Харин чөлөөт цагаараа зүгээр л хөгжим тоглож, таашаал авч, жаргахыг илүүд үздэг аж. Бодмоор л юм.


-Гадаадын жуулчдыг Монголдоо урьж ирүүлээд, хамт явж байхад тэдний хамгийн их татагдаж, сэтгэл нь хөдөлдөг зүйл нь юу байдаг вэ?

-Манай хамгийн эхний, хамгийн том давуу тал бол Ази тивийн төвд хоёр том гүрний дундах энхийг эрхэмлэгч ардчилсан улс гэдэг нь. Мөн хөдөө хээр, тал нутаг, нүүдэлчин соёл зэрэг нь гадныхны хувьд романтик төсөөлөл төрүүлдэг, маш эерэг гоё имижтэй. Нэг зүйлийг би чин сэтгэлээсээ хэлэхэд, Монголын хөдөө нутаг хөдөө нутгаараа л байх гоё. Байшин барилга, хөшөө дурсгал хаа сайгүй л байдаг. Харин манайх шиг уудам тал нутаг хаа ч байхгүй. Энэ л жуулчдын сэтгэлийг нь хөдөлгөдөг. “Ийм асар уудам тал нутгийг хараад сүрдэж, биширч байна” гэж нэг жуулчин хэлж байсныг тод санаж байна. Өв соёл, давтагдашгүй сайхан урлаг, сэтгэл татам байгаль гээд жуулчдын сонирхлыг татах зүйлс бидэнд хангалттай бий.


-Гайхалтай. Та гадаадад олон жил амьдарч байгаа хүн. Монгол хүн гэдгээрээ бардамнах, эх орноороо бахархах сэтгэл яг ямар үед төрдөг вэ?

-Хэдийгээр янз бүрийн асуудлууд бий ч гэлээ Монголд болж бүтэж байгаа, хөгжиж өөдөлж байгаа зүйл зөндөө байна. Би Монголын гадаад харилцаанд байнга анхаарал тавьж харж байдаг. Сүүлийн үед манай гадаад харилцаа маш сайн байгаад баяртай байдаг. Энэ талын эерэг мэдээг гадаад найз нөхдөдөө хүргэх, гадаад хэлээр гарсан сайн мэдээнүүдийг түгээх дуртай. Гадаадад амьдардаг бидэнд Монголын тухай сайн сайхан мэдээ материалууд их хэрэг болдог. Монголд ирэхдээ, Монгол наадмаа үзэхдээ, төрийн дууллаа сонсохдоо би нүдэндээ нулимстай баярлаж, бахдаж, огшдог. Дайн дажингүй энх тайван улсын иргэн гэдэг ямар их аз завшаан билээ. Тусгаар тогтносон бүрэн эрхт улс байхын сайхан, тийм улсын иргэн байхын үнэ цэн гэдэг юугаар ч үнэлшгүй эрхэм зүйл шүү дээ.

Related news