ДАРХАН-УУЛ: 9-12 дугаар ангийн 1554 сурагчид бүрэн дунд боловсрол олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн 30 дугаар сургууль аймгийн Засаг даргын 434 дүгээр захирамжийн дагуу нээлттэй сургалт явуулах “Ахлах 30 дугаар түшиц сургууль” нэртэй 2006 онд БСГ-ын дэргэд байгуулагдсан аж. Улмаар 2018 онд аймгийн Засаг даргын 01-А/159 тоот захирамжаар нэршлийг Ерөнхий боловсролын 30 дугаар сургууль болгож өөрчилжээ.
Тус сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш нийт 1554 хүнд суурь болон бүрэн дунд боловсрол олгосон аж. Үүнээс гэр бүлээрээ гадаад улсад ажиллаж, суралцдаг болон залуу малчид, амьдралын гачигдлаас үүдэж сургууль завсардсан хүмүүс, 15-18 насны 44 өсвөрийн ээж хамрагдсан аж.
30 дугаар сургууль үүсгэн байгуулагдсан цагаасаа сургуулийн эрхэм зорилгын хүрээнд нас, байршил үл хамааран 9-12 дугаар ангийн суралцагчдад 17 жил боловсролын үйлчилгээ үзүүлж байна.
2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон ерөнхий
боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дүгээр заалтыг үндэслэн,
бүлгийг ахлах 10-12 дугаар анги болгосон бөгөөд 14-18 насны 122 суралцагч суралцаж байна.
Цаашид сургалтын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд “Олон улсын эко сургууль” ISO:14001 стандартыг нэвтрүүлсэн бүрэн дунд сургууль болох, 100 хувь цахим сургалттай их, дээд сургуулийг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургууль болон өргөжиж, боловсролын үйлчилгээг хүргэх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна гэж тус сургуулийн захирал Ж.Болорцэцэг онцолж байна.
Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат 30
дугаар сургуулийн хамт олныг бүтээлч шинийг санаачлагч хандлагаар ажиллаж буйг сайшааж, цахим подкаст бэлтгэх тоног, төхөөрөмжийн төсвийг 2024 оны
боловсролын багц төсөвт тусгах, ах дүү найрамдалт харилцаатай орнуудын
боловсролын салбартай холбох, ИТХ-ын салбар зөвлөлүүдийн төсвөөс дэмжлэг үзүүлэхэд
анхаарал хандуулан ажиллахаа тус сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ илэрхийллээ.